Монгол Улсын Консерватори шилдэг бүтээлүүдийг цахимаар толилуулна

Монголын мэдээ | Соёл урлаг
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-25 23:29:44
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Консерваторийн удирдлагууд “COVID-19” цар тахал дэлхий нийтийг хамарч буй энэ цаг үед эрсдэлийг нэгдмэл хүчтэйгээр даван туулахад хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшинд танилцууллаа. 


Тодруулбал, авьяаслаг багш, сурагчдынхаа онцгой бүтээлүүдийг цахимаар болон цэнхэр дэлгэцээр өдөр бүр толилуулан сонгодог урлагаар ард иргэдийн алжаал ядаргааг тайлахад анхаарал хандуулж байгаагаа уламжилсан юм. 


Мөн олон улсын хамтын ажиллагаатай консерваториудтай хамтран World Music онлайн фестивалийг эхлүүлж байгаагаа дуулгалаа.


Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ард иргэдийг соён гэгээрүүлэх санаачилга гаргасанд талархал илэрхийлээд "Өдөр бүр, бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр коронавируст халдварын талаар мэдээлэл цацагдаж байгаа нь нэг талаар ард иргэд  "мэдээллийн дарангуйлал"-д өртөхөд хүргэж байна. Энэхүү "мэдээллийн дарангуйлал"-аас та бүхний санаачилсан урлагийн бүтээлүүд бага ч болов хөндийрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцолсон юм.  


Уулзалтын үеэр Монгол Улсын Консерваторийн нийт багш ажилтан албан хаагчид Улсын Онцгой комисст таван сая төгрөгийн хандив өргөлөө гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ