Санхүүгийн луйвраас сэргийлэх "Нягтлах тусам аюулгүй" аян эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 6 сарын 20-ныг дуустал зохион байгуулахаар болжээ.
Тус аяныг Монголбанк, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Хаан банк болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулна. Монголбанк энэхүү аянд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр” -ийн хүрээнд оролцож байгаа бөгөөд санхүүгийн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлсэн мэдлэг мэдээллийг түгээх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг багасгах зорилготой юм. Иймд олон нийтийн сүлжээ, цахим орчинд иргэдийг зөв мэдээ мэдээллээр хангах аж.
"Ятгах тусам нягтал” аяныг 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 2 дугаар сарын 1 хүртэл 30 хоногийн хугацаанд хэрэгжүүлэхэд залилангийн гэмт хэрэг улсын хэмжээнд урьд оны мөн үеийнхээс 15.3 хувиар багассан үзүүлэлттэй байна.
Түүнчлэн иргэдийн мэдлэг, хандлага, өмнө нь зохиогдож байсан нөлөөллийн бусад арга хэмжээний үр дүнд залилангийн гэмт хэрэг 2020 оны 2-4 дүгээр сард буурах төлөвтэй болжээ.
Гэвч иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, залилангийн гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдлийн арга, хор уршгийг иргэдэд тайлбарлан таниулах, гэмт халдлагад өртөж хохирохгүй байхыг сэрэмжлүүлэх мэдээ мэдээлэл, сургалтыг тогтмол явуулж байх шаардлагатай тул дахин хоёр дахь шатны аяныг эхлүүлэхээр болсон байна.