Их Британийн Засгийн газар Рэшфордын уриалгыг хүлээн авжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-17 17:38:49

ЛОНДОН. /Reuters/. "Манчестер Юнайтед" багийн хөлбөгбөгчин Маркус Рэшфорд уриалга гаргасантай холбоотойгоор Их Британийн Засгийн газар хүүхдүүдийг хоол хүнсээр хангах асуудлаарх шийдвэрээ өөрчилжээ.


Коронавирусний цар тахлын улмаас Их Британид дунд сургуулиуд 3 дугаар сард хаагдсантай холбоотойгоор санхүүгийн боломж муутай айл өрхүүдийн хүүхдүүдэд үзүүлдэг дэмжлэгээ зогсоогоод байсан аж. Иймэрхүү айлын хүүхдүүдэд долоо хоногт 15 фунт стерлингийн талон олгодог байжээ. Өдгөө 22 настай хөлбөмбөгчин Маркус Рэшфорд шийдвэрээ эргэн харахыг Засгийн газарт уриалсан нээлттэй захидлыг нийгмийн сүлжээгээрээ дамжуулан нийтэлжээ. Гэсэн ч Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэ санаачилгыг хүлээн авахаас татгалзжээ.


Рэшфорд шантралгүй, “BBC” телевизэд ярилцлага өгч, бичсэн нээлттэй захидлаа “The Times” сонинд нийтэлжээ. Үүний дараа Их Британийн Засгийн газар талон олгох системийг сунгаж, үүнд 120 сая фунт стерлинг олгохоо мэдэгдсэн байна.


“Коронавирусний цар тахлын улмаас хүүхэд, эцэг эхчүүд энэ зун хүнд нөхцөл байдалтай тулгарна гэдгийг Ерөнхий сайд ойлгож хүлээж авч байгаа” хэмээн Б.Жонсоны төлөөлөгч хэлжээ. 


Өмнө нь Рэшфорд бага орлоготой гэр бүлийн хүүхдүүдийг хоол хүнсээр хангахад зориулж мөнгө цуглуулах ажлыг зохион байгуулж байжээ. Энэ үеэрээ тэрбээр 20 сая фунт стерлингийг цуглуулж чадсан байна. 

Холбоотой мэдээ