Монголын тусламжийг хүргэх МИАТ-ын онгоц АНУ-ыг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-21 14:21:49
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс АНУ-д хандивлаж буй 1 сая ам.долларын үнэ бүхий 60 мянган ширхэг хамгаалалтын хувцас хэрэгслийг АНУ-ын Сиэтл хотноо хүргэх МИАТ компанийн тусгай онгоц өнөөдөр өглөө Улаанбаатараас хөөрлөө.


Тус онгоцоор үндэсний үйлдвэрлэгч "Мөнхийн тун" болон "ExMed" ХХК-д үйлдвэрлэсэн 18 тонн хувийн хамгаалалтын хэрэгслийг АНУ-д хүргэнэ. Онгоц буцахдаа Сиэтл хотоос 250 иргэнээ авчрах бөгөөд энэ нь манай иргэний агаарын тээврийн компанийн АНУ руу үйлдэж буй анхны шууд нислэг болж буйгаараа онцлогтой.


Нислэгийг зохион байгуулахад багагүй хугацаа, хүчин чармайлт шаардсан бөгөөд цаашид Монголоос АНУ руу шууд нислэг үйлдэх эхлэл тавигдаж байгааг хоёр тал онцлон тэмдэглэв.



Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, "Бие биенээ дэмжих зам ганц урсгалтай байж болохгүй. Өнөөдөр бид сэтгэлээ шингээсэн тусламжийг АНУ-д хүргүүлж байна. Нөгөөтэйгүүр энэ нь АНУ руу хийж буй манай анхны иргэний агаарын тээврийн нислэг болж буйгаараа онцлогтой. Цаашдаа МИАТ компанийн тив алгасаж АНУ руу нислэг үйлдэх зам нээгдэж байна гэж үзэж байна. Нислэгийн зөвшөөрлийг авах, захиргааны шинж чанартай тохиргоог хийхэд амаргүй байсан ч АНУ-ын талтай хамтран амжилттай зохион байгуулж чадлаа" хэмээв.


АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, "Монгол Улсын энэхүү санаачилга, түүнийг бодитоор хэрэгжүүлсэн төрийн байгууллагуудад маш их талархаж байна. Энэ нислэгийг зохион байгуулах нь харагдаж байгаа шигээ амархан байсангүй. МИАТ компанийн АНУ руу хийж буй энэхүү анхны шууд нислэг бидний цаашдын урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл болно гэж итгэж байна. Түүнээс гадна АНУ-д байгаа олон монгол иргэд энэ онгоцоор эх орондоо ирэх боломжтой болсон нь чухал ач холбогдолтой. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаанд маш сайн харилцаатай байсаар ирсэн. Харин сүүлийн хоёр жилд стратегийн түншлэлийн хүрээнд харилцаа хамтын ажиллагаа маань улам гүнзгийрч байна. Стратегийн түншлэл бол үзэл санаа. Түүнийг хоёр улсын ард түмний тусын тулд бодитой үйл хэрэг болгож хэрэгжүүлэх нь чухал. Монгол Улс, АНУ цар тахалтай тэмцэхэд харилцан тусламж үзүүлж буй нь стратегийн түншлэлийн бодит тод жишээ болж байна" гэлээ. 



АНУ руу шууд нислэг үйлдэхийн тулд тодорхой шалгуур хангасан байх шаардлагатай. МИАТ компани энэ чиглэлээр ИНЕГ-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд Боинг 787 онгоцоо авсны дараа 2021 оноос АНУ руу шууд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байгаа аж. Харин энэ удаагийн нислэгийн зөвшөөрлийг ГХЯ-аар дамжуулан дипломат шугамаар авсан байна.


Монгол Улсын тусламжийг АНУ-д хүргээд буцахдаа иргэдээ авчрах Улаанбаатар-Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцны ахмадаар Монгол Улсын гавьяат нисгэгч Г.Мөнх-Очир ажиллаж байна. Түүний хувьд Боинг 767 онгоцыг 2012 онд Сиэтл хотоос Монголдоо жолоодон ирж байсан туршлагатай юм. 




Холбоотой мэдээ