Байшин үзүүрийн бичээс

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-11 16:02:26

Ховд /МОНЦАМЭ/. Түрэгийн хаант улсын үеийн түүх, соёлд холбогдох дурсгал бол Байшин үзүүрийн бичээс юм. 

Уг бичээс нь Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн нутаг, Байшин үзүүрийн Жүргэрийн цагаан толгой гэх газар оршино.

Бичээс буй газар нь том бор саарал өнгийн боржин чулуу бүхий ихээхэн хадархаг, хоорондоо тасархайтсан хөтөлтэй гурван жижиг цуваа шовх толгод аж. Түүний хамгийн урд талын толгойн гурван хадан дээр энэхүү бичээсийг ухаж бичжээ. Бичээсийн хажуугаар олон төрлийн тамга болон амьтны дүрс сийлсэн байдаг.

Бичээсийг 1959 онд түүхч Х.Пэрлээ нутгийн хүмүүсээр заалган анх шинжлэх ухааны эргэлтэд оруулжээ. Гэвч 1970 он хүртэл хугацаанд уг бичээсийг хэн ч сонирхон үзэж, уншиж тайлахыг оролдсонгүй. Улмаар 1969-1970 онд Монгол Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний ангийн “Гэрэлт хөшөө хад чулууны бичээс судлах анги” уг бичээсийг газар дээр нь дахин нягтлан үзэж, түрэгч М.Шинэхүү тайлан уншжээ.

Тэрбээр бичээсийг орчин цагийн монгол хэлээр нэгтгэн "Аягур Абак овогтон минь нэрт эцэг эхийн төрөлтөн билээ. Аягур Абак овгийн хүн Ибаш Акын ачилсан орон гэртэй хорин хүн, үгээгүй хоосон арван хүн ирж магтаж бүрнээ тогтов \суув\" хэмээн буулгажээ.

Байшин үзүүрийн бичээс нь төв азид оршин тогтнож байсан эртний Түрэг түмний бичиг соёлын хөгжлийг илтгэх чухал дурсгалын нэг болно гэж судлаачид үздэг. 

 

Холбоотой мэдээ