"Фронт" хэмээн алдаршсан С.Цэгмидэд “Гавьяат малчин” цол гардууллаа

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-08-11 16:12:03
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дундговь аймагт ажиллаж, Сайхан-Овоо сумын харьяат, “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд "Монгол Улсын гавьяат малчин цол", 161 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа.

“Эхийн алдар” одон хүртсэн ээжүүдийн найм нь нэгдүгээр зэргийн одонгийн болзол, 153 нь хоёрдугаар зэргийн одонгийн болзлыг тус тус хангажээ.

“Монгол Улсын гавьяат малчин” цол хүртсэн Фронт хэмээх С.Цэгмид 18 наснаасаа мал маллаж, ажил хөдлмөрөөрөө шалгаран Улсын сайн малчдын анхдугаар хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож, тэндээсээ Дэлхийн хоёрдугаар дайны фронтод бэлэг хүргэж өгч явсан түүхэн хүн юм.

Тэрээр 18 насандаа “Улсын сайн малчин” болж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж байсан бол 82 жилийн дараа ийнхүү “Гавьяат малчин” цол хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж хэлсэн үгэндээ  “Өнөөдөр одонгоо гардаж байгаа олон эхчүүдийн хамт нэгэн буянтай бууралд Монгол Улсын гавьяат малчин цол, тэмдгийг гардууллаа. Энэ хүн бол Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат “Фронт” хэмээн алдаршсан Сүрэнхорын Цэгмид гуай юм.

Тэрбээр 1942 оны 12 дугаар сард 19-хөн настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр  очиж байсан хүн юм. Монгол Улсаас илгээсэн бэлгийн гурав дахь цуваагаар 217 вагон бүхий дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлс хүргэж, мөн ард түмний хөрөнгөөр боссон 40 танкийг чин сэтгэлийн дэмжлэг болгон хүлээлгэн өгч байжээ.

С.Цэгмид гуайг сар гаруйн өмнөхөн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар шагнасан. Үйлс буян нь дэлгэрсэн бууралдаа зуу насалж, зургаадай таяг тулахын ерөөлийг дэвшүүлье” гэлээ.

Холбоотой мэдээ