Өмнөд Солонгосын зохиолч эмэгтэй Букерийн шагнал хүртэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-17 10:47:08

ЛОНДОН. /ВВС/. Хүн төрөлхтний үйлдэж буй харгис хэрцгий үйлдлээс татгалзаж, мах идэхгүй байхаар шийдсэн нэгэн эмэгтэйн тухай өгүүлдэг “Цагаан хоолтон” /The Vegetarian/ роман Мэн Букерийн 2016 оны олон улсын шагнал хүртэв.

2010 оноос солонгос хэл судалж буй Дебора Смит уг номыг англи хэлнээ хөрвүүлсэн байна.

БНСУ-ын зохиолч эмэгтэй Хан Кан-ы бичсэн "Цагаан хоолтон" роман нь “мартахын аргагүй хүчирхэг, хосгүй сайн” бүтээл болсон байна гэж шүүгчдийн зөвлөлийн тэргүүн Бойд Тонкин үнэлжээ.

Романыг зохиогч болон англи хэлэнд хөрвүүлсэн орчуулагч хоёр шагналын мөнгө болох 50 мянган еврог хуваан авах ажээ.

Букерийн шагналын төлөөх өрсөлдөөн Нобелийн утга зохиолын шагналт, Туркийн зохиолч Орхан Памук, Италийн зохиолч Елена Ферранте, Анголын зохиолч Хосе Эдуардо Агуалуса, БНХАУ-ын зохиолч Янь Ленькө болон Нобелийн шагналт Австрийн зохиолч Роберт Сетхалер нарын хооронд маш ширүүн болсон байна.

21 нас хүртлээ англиас өөр хэл мэддэггүй байсан Дебора Смит Английн утга зохиол судлаач мэргэжлээр сурч байхдаа англи-солонгос хэлний орчуулагчид ховор байдгийг гярхай анзаарч, орчуулагч болохоор шийдсэн ажээ.

"Би Солонгост төрсөн хүмүүс шиг ярихгүй нь ойлгомжтой, сурах бичгээс солонгос хэл сурсан хүмүүстэй л адилхан ярьдаг. Надад Солонгосын соёлын талаар ямар ч ойлголт байгаагүй, тэр бүү хэл солонгос хүнтэй ч уулзаж учирч байгаагүй хэдий ч би солонгос хэлний орчуулагч болохоор шийдсэн. Би уншиж, бичихийг хослуулан солонгос хэл сурахыг хүссэн" гэж Смит ярьж байна.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ