Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах ажил эхэллээ

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-09-23 09:36:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд А.А.Слепнев, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтухов нартай энэ сарын 22-нд уулзав.


Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд А.А.Слепневтай уулзах үеэрээ Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудтай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх сонирхолтой байдгийг тэмдэглэв. Мөн хоёр талын мэргэжлийн хяналт, мал эмнэлэг зэрэг байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон аж ахуй, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд чиглэсэн ажлыг хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүлсэн байна.


Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажил албан ёсоор эхэлж буйд баяртай байгаагаа сайд нар илэрхийлж, богино хугацаанд үр дүнтэй хийх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарахаа илэрхийлэв.


Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтуховтай уулзах үеэрээ хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцав. Аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн уулзалт, бизнес форумыг тогтмолжуулах, Монголын аж ахуйн нэгжүүд ОХУ-д болдог экспо, үзэсгэлэнд оролцох, ОХУ-аас ХАА-н дэвшилтэт техник төхөөрөмж Монголд нийлүүлэх зэрэг хамтын ажиллагааг дэмжихээ тус улсын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтухов илэрхийлэв.

Холбоотой мэдээ