Шувуулахуй буюу ан ав хийх соёлоо сэргээнэ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-01 11:24:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шувуулахуй буюу ан ав хийх соёлоо сэргээх зорилгоор “Хуралдайн Наадам-Шонхорын баяр”-ыг энэ сарын  3-ны өдөр “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулна.


Энэ үеэр  үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн тоглолт, шонхор шувуу, тайга нохой морьт харваачдын парад, морьт харвааны бага ав намнаа үзүүлбэр, шонхор шувууны холын зайн тэмцээн тайга нохой-талын гөрөөчин үзүүлбэр, шидлэг идлэг шонхор шувуу-өв тээгч тэмцээн, галтай циркийн үзүүлбэр зэргийг олонд сонирхуулна. Баярт оролцох 8 идлэг шонхрыг 20-30 хоногийн хугацаанд бэлтгэсэн бөгөөд 5-6-г нь байгальд буцаан тавих аж. Эдгээр шонхор Монголын шувуулахуйн холбоонд бүртгэлтэй, махчин шувууны бүртгэлийн гэрчилгээтэй, цээжиндээ чип дугаартай.


Монголын Шувуулахуйн холбооны тэргүүн Д.Отгонсайхан өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр ярихдаа, “XVII зуунаас орхигдсон соёлоо сэргээхийн тулд 2000 онд холбоо байгуулж, дэлхийн махчин шувуудын холбоонд элссэн. АНЭУ-ын санаачилгаар 13 улстай нийлж, 2013 онд шувуулахуйг ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлсэн. Олон улсын шувуулахуйн анхны наадмаа 2014 онд хийхэд 7 орны 20 гаруй төлөөлөөгч оролцож байсан”-ыг дурдав.


Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Шувуулахуйн холбоо, Монголын үндэсний морьт харвааны холбоо, Монгол Тайга Нохой Судлалын Холбоо, Цагаан Шонхор Гэрэгэ ТББ хамтран 2 дахь жилдээ хийж байгаа. Эртний Монголын түүх, соёлтой холбогддог үндэсний бахархалт шонхор шувууны талаар олонд сурталчлах, биет бус соёлын өвийг сэргээх, шонхрын наадгайг шинэ бүтээгдэхүүн болгон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг татах үүднээс жил бүр зохион байгуулах аж.  

Холбоотой мэдээ