“Багш” найраглалын 35 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-10-16 18:33:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсны алдарт “Багш” найраглалын 35 жилийн ой тохиож байна.


Ойг тохиолдуулан МУИС-ийн Дугуй танхимд өнөөдөр “Багш найраглалын үнэ цэн” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав.  Энэ үеэр эрдэмтэн судлаачид энэхүү найраглал өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйд мөнхөд орших, түүчээлэх уран бүтээл мөнөөс мөн гэдгийг тодотгож, багш хэмээх алдар, амьдралын эх булгийг үүнээс илүүгээр мөнхлөх бүтээл ховор гэдгийг дурдаж байлаа.


Үе үеийн, цаг цагийн нийгмийг тольдон харуулж, багш мэргэжлийн үнэ цэнийг дүрсэлсэн энэхүү бүтээл нь боловсролын салбартай салшгүй холбоотойг илтгэж байгаа юм. Цаашид Ш.Сүрэнжав агсны бүтээл, туурвилдаа өгүүлж байсан бүхнийг задлан шинжилж ажил үйлдээ тусгах, өвлүүлэн үлдээхэд салбарын яам болон холбоод хамтран ажиллахаар болжээ. Мөн багш бэлтгэж байгаа сургуулиудын аль нэгийг Ш.Сүрэнжав агсны нэрэмжит болгох нь зүйтэй гэсэн санал гаргаж байв.


Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын СГЗ, Шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэдэв “Багш” найраглал бичигдсэн түүх” сэдэвт илтгэл тавив. Тэрбээр хэлэхдээ, “Утга зохиолын онолд нийгмийн захиалга гэсэн нэр томьёо байдаг. Монгол даяар 1983 онд сурагчийн жил зохион байгуулсан нь сүүлдээ гурван жилийг хамарсан юм. Энэ хүрээнд тухайн үеийн БНМАУ-ын Ардын боловсролын яам, уран бүтээлийн байгууллагууд зохиолчдын дунд уралдаан зарласан. Сурагчийн жилийг зохион байгуулах комиссоос, “Багшгүй хүн гэж байхгүй. В.И.Ленин, АНУ-ын Р.Рейган ерөнхийлөгч хүртэл багштай” гээд Ш.Сүрэнжавт захиалга өгсөн юм. Тэгээд  нэг уулзалтад ирээд нөгөө найраглалаа уншив. Тэр ер нь, цаас харж уншихгүй, өөрийн найраглалыг ч, өрөөлийнхийг ч шууд цээжээр уншина. Тухайн үед “Багш” найраглал  215 мөр байсан. Түүнийг нь сүүлд бид хэвлэхдээ нэмж 310 гаруй мөр болсон. Найраглалд Монголын ахмад, дунд, залуу үе гээд гурван үеийн багш нарыг тусгасан. "Багш" найраглалд зориулан МУБИС-ийн өмнөх талбайд хөшөө босгож зохиолыг сийллээ. Энэхүү найраглалыг зохиолч нь тэнгэрт хальсан ч олон үеийнхэн уншина. Тиймээс энэ үед зохиолын үүх түүхийг үр хүүхдүүд, нэг ангийнхан, шавь нар нь гээд мэддэг улсууд нь тодруулах хэрэгтэй” хэмээв.


ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Г.Билгүүдэй, “XX зуунд улс орныг бүхэлд нь гэгээрүүлэхэд хамгийн тэргүүн эгнээнд явж байсан улс бол багш нар юм. Социализмын үед авьяаслаг яруу найрагч Ш.Сүрэнжав гуай энэхүү найраглалыг бичсэн. Би гуч гаруй жилийн өмнө хөдөө багшаар очиж энэ найраглалыг яриад, хүүхдүүдээр уншуулж хичээлээ эхэлж байсан. Багш хүн нийгэмд ямар үүрэгтэйг тус найраглал ямагт сануулдаг. Багшийг хүндэтгэх нь дорнын уламжлал юм. Хүний эрдэм ном багшаас эхтэй байдаг. Багш ямар байна, шавь нь яг тийм байна. Тиймээс шавийн эрдэм эргээд улс оронд нөлөөтэй байдгийг энэхүү найраглалд харуулдаг” гэсэн юм.

 

Тус эрдэм шинжилгээний хурлыг БШУЯ, Монголын Ахмад багш нарын холбоо, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбоо, Улаанбаатар Их сургууль, Монголын чөлөөт зохиолчдын холбоо, МҮОНРТ, Ш.Сүрэнжав агсны гэр бүл, үр хүүхэд хамтран зохион байгуулав.



Холбоотой мэдээ