Гуравдугаар улиралд Хятадын ДНБ-ий өсөлт 4.9 хувьд хүрэв

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-10-20 14:42:45

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Үндэсний Статистикийн газраас /ҮСГ/ гуравдугаар улирлын болон оны эхний гурван улирлын байдлаарх тус улсын ДНБ-ий өсөлтийн талаар өчигдөр мэдээлэв. Гуравдугаар улиралд Хятадын ДНБ-ий өсөлт 4.9 хувьд хүрсэн байна. Гэвч энэхүү үзүүлэлт нь зах зээлийн урьдчилан таамаглаж байснаас доогуур үзүүлэлт болжээ.

ҮСГ-ын урьдчилсан тооцооллоор, оны эхний гурван улиралд Хятад улсын ДНБ-ий нийт хэмжээ 72.2785 их наяд юань болж, өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар өссөн байна. Нэгдүгээр улиралд Хятадын ДНБ 6.8 хувиар буурсан, хоёрдугаар улиралд 3.2 хувиар нэмэгдсэн, гуравдугаар улиралд 4.9 хувиар нэмэгджээ. Мөн гуравдугаар улиралд ДНБ өмнөх улирлаас 2.7 хувиар нэмэгдсэн.  

Ройтерс агентлаг 3-р улиралд Хятадын ДНБ 5.2 хувиар, Блүүмберг 5.5 хувиар өснө гэж тус тус таамаглаж байв.

Нью Йорк таймсын хийсэн дүн шинжилгээгээр, Хятадын ДНБ гуравдугаар улиралд үргэлжлүүлэн өсөлтөө хадгалах бөгөөд оны эхний гурван улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар өссөн нь цар тахал хяналтад байх нөхцөлд эдийн засгийг хурдан хугацаанд сэргээх боломжтой гэжээ.

Холбоотой мэдээ