Б.Энхтуяа: Хүн өөрөө хөдөлмөрлөж чадвал хөдөө орон нутагт амьдрах нь олон давуу талтай

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-10-19 20:06:18

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өөрийн уйгагүй хөдөлмөрийн үр шимээр сайхан амьдарч, олондоо сайнаар үлгэрлэж яваа хүмүүс хөдөө сумдад олон бий. Тэдний нэг болох, Түвшинширээ сумын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл Б.Энхтуяатай цөөн хором ярилцлаа.


-Сайн байна уу та, хөдөө орон нутагт бизнесийн салбарт амжилттай яваа эмэгтэйтэй хийж буй ярилцлагын маань анхны зочин та боллоо. Эхлээд уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?

-Маш их баярлалаа. Намайг Баатарын Энхтуяа гэдэг. 1972 онд Баруун-Урт суманд төрсөн. Онгон сумын 10 жилийн сургуулийг дүүргэсэн. Төрийн захиргааны удирдлага, менежментээр дээд боловсрол эзэмшсэн. Одоо нөхөр, зээ хүүгийн хамт Түвшинширээ нутагтаа сайхан амьдарч байна.

-Хэдэн оноос хойш энэ нутагтаа ажиллаж, амьдарч байгаа вэ?

-Түвшинширээ сум бол миний аавын төрсөн нутаг. Аав маань залуу наснаасаа нам төрийн ажил хийдэг хүн байлаа. Намын хорооны даргыг олон жил хийсэн дээ. 1990 онд төрөлх нутагтаа ирж ажиллаж амьдарч үр хүүхэд биднийгээ нутгийнхаа хүргэн бэр болгон нутагтаа үлдээсэн. Түүнээс хойш 30 жил энэ сайхан нутагтаа амьдарч байна.

-Хүн өөрөө л хичээх юм бол хөдөө нутагт илүү сайн сайхан амьдрах боломж байгаа юм шиг харагддаг. Энэ талаар таны бодол

-Тийм шүү, миний бодлоор хүн хаана амьдрахаасаа үл хамаараад өөрөө аливаа зүйлд сэтгэл зүтгэлтэй, хариуцлагатай хандах юм бол хаана ч сайхан амьдарч чадна. Харин ч орон нутагт илүү том боломж байдаг. Өөрийн чадах зүйлийг хийж өрх гэр, сум орондоо хувь нэмэр оруулж, сум сумандаа сэтгэл хангалуун амьдарч байгаа олон сайхан хүмүүс бий. Тэр болгоноор би бахархдаг.

-Мэдээж саяны ярьсан бүхнээ өөрийн биеэр үлгэрлэж яваа хүн бол таныг гэж бодож байна. Цаашид сум орон нутагт тань юу хэрэгтэй байна, иргэн хүний хувьд

-Иргэдэд сумандаа сайхан амьдрах боломжийг илүү их бүрдүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Залууст нутагтаа ажиллаж хөдөлмөрлөх боломжийг хангаж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж, нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэлтэй зүтгэлтэй хүмүүсээр бүх шатандаа удирдуулбал бүх зүйл сайхан болно гэж иргэн хүнийхээ хувьд боддог. Мэдээж үүнд иргэн бүрийн үүрэг, оролцоо маш чухал. Харамсалтай нь иргэд үүргээ тэр бүр ухамсарладаггүй юм шиг санагддаг.

-Сайны хажуугаар саар зүйл байлгүй яахав. Асуудалтай зүйл нь юу гэж та харж байна?

-Тулгамдсан томоохон асуудлын нэг бол ажлын байр хомс байгаагаас үүдэн айл өрхийн орлогын түвшин бага, зөвхөн нийгмийн халамжийн мөнгөөр амьдралаа залгуулж буй өрхүүд их байдаг. Би өөрөө бизнес эрхэлдэг хүн учир энэ нь надад илүү их мэдрэгддэг. Сум орон нутгийн хувьд төсвийн мөнгийг үр ашигтай, хүртээмжтэй зарцуулах нь чухал. Үүнд орон нутгийн иргэд нь ч хяналт тавьж хэвших нь нутаг усныхаа хөгжилд оруулж байгаа бас нэг хувь нэмэр юм болов уу гэж хардаг.

-Бизнесийн салбарт олон жил ажилласан юм байна. өнөөдрийн энэ зэрэгт хүрэх гэж их л зүтгэсэн байх?

-Тэгэлгүй яахав, гэрээ засаад төрөө зас гэдэг үг бий. Олон жил бизнес эрхэлсэн маань надад тал бүрийн давуу талуудыг бий болгосон. Бизнес болон амьдралаа өнөөдрийн түвшинд хүргэх хүртлээ хань бид хоёр маш их хөдөлмөрлөсөн. Бизнес хийхэд тэсвэр тэвчээр тууштай байдал маш чухал. Гэр бүл гэдэг хүний амжилтад нөлөөлөх чухал хүчин зүйл. Түшиж тулах хань, үр хүүхэд минь миний бахархал. Хувийн болон төр, төрийн бус байгууллагуудын ажил хийхэд цаг зав, боломж, сэтгэл санаагаар дэмжиж надад эрч хүч хайрладаг сайхан гэр бүл маань миний хамгийн том бахархал.

удалдаа наймааны ажлыг хүмүүс харахдаа зүгээр дэлгүүрт суугаад их мөнгө олж байгаа мэтээр хардаг. Гэтэл үүний цаана маш их хөлс хүч бас эрсдэл байдаг тийм үү?

-Амжилттай яваа бүх зүйлийн ард маш их хөдөлмөр байдаг. Хөдөлмөрлөхгүйгээр сайхан амьдарна гэдэгтэй би санал нийлдэггүй. Ийм боломж ч байхгүй. Эрсдэлтэй тулгарах үе ч олон гарна. Бэрхшээл болгоны ард бэлэг байдаг гэдэгт би итгэдэг. Хөлс хүчээ шингээж үр дүнд хүрдэг болохоор бизнесийн салбартаа хайртай. Мэдээж энэ амжилтын ард биднийг үргэлж дэмжиж, хамтардаг нутгийн иргэддээ үргэлж талархаж явдаг даа.

-Таны хувьд ТББ-уудын ажилд идэвхийлэн оролцдог гэж сонссон.  Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Тийм ээ. Би сумынхаа Эмэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын холбоо, Монголын Улаан Загалмайн нийгэмлэг гээд олон төрийн бус байгууллагын ажлыг хариуцан, олондоо хүртээмжтэй байлгахыг хичээдэг. Ер нь тэгээд хүмүүнлэг, бусдын сайн сайхны төлөө ажил хийх их сайхан шүү дээ. Би ч өөрөө их дуртай. Магадгүй бизнесийн салбарт амжилттай яваа маань энэ бүхэнтэй холбоотой байх.

-Таны амьдралын зарчим юу вэ?

-Шударгаар хөдөлмөрлөж, идэвхтэй амьдарч өөрийн чадах зүйлээр бусдад тустай байхыг зорьдог. Аливаа зүйлд сэтгэлээ зориулж хариуцлагатай хандах нь миний гол зарчим юм даа. Үндсэн зарчмаасаа хазайлгүй явсаар өнөөг хүрсэн гэж боддог. Цаашид ч энэ л зангаараа байж, амьдралдаа ч, ажил хөдөлмөртөө ч амжилт гаргаж тэр хэрээрээ сум орон нутгийнхаа хөгжилд гар бие оролцох болно гэж боддог доо.

-Баярлалаа.

 

Холбоотой мэдээ