НОСК Монголын тогтвортой санхүүжилтийн холбоотой хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Дорждэрэм, Монголын тогтвортой санхүүжилтийн холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь нар хамтран ажиллах санамж бичигт өчигдөр буюу энэ сарын 5-нд гарын үсэг зурав.
Хоёр байгууллага нийслэлийн гэр хорооллын иргэдийг орлогод нийцсэн, ногоон орон сууцаар хангах төсөлд хамтран ажиллаж, санхүүгийн зөвлөгөө өгөх, төслийн мэдээлэл, судалгаа тайлан, тавих шаардлага, стандарттай холбогдох материалыг харилцан солилцох зэргээр хамтран ажиллах юм.
Нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Орон сууцны корпораци олон ажил санаачилсан. Энэ санамж бичгийн хүрээнд хашаандаа ногоон орон сууц барих иргэдэд зориулж хөнгөлөлттэй зээл олгох ач холбогдолтой” гэв.
“Нийслэлийн орон сууцны корпораци” Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд шинэ дэд төвүүдийг түшиглэн барьж буй 10 мянган айлын “Орлогод нийцсэн ногоон орон сууц”-ны бүтээн байгуулалтыг эхлүүлээд байгаа.