COVID-19: Эдгэрсэн хүмүүст 6 сарын дотор зовуурь илэрч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-14 12:10:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ухань хотод COVID-19 халдвар аваад эдгэрсэн 1700 иргэнийг судалгаанд хамруулахад, генетикийн онцлогоос хамаарч зарим хүнд эдгэрснээс хойш зургаан сарын дотор тодорхой эмнэл зүйн хам шинж зовуурь илэрч байгааг тогтоожээ. 


Энэ талаар ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчийн асуултад хариулах үеэрээ мэдээлсэн юм. Тэрбээр, "Эдгэрсэн иргэдэд зургаан сарын дотор үс унах, ядрах, булчин сулрах, нойр муудах, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдэг илэрсэн. Гэхдээ энэ нь COVID-19 халдварын шинж тэмдэг биш, хүн бүрт толгой дараалан илрэхгүй байгаа. Хүний нас, аль зэрэг хүнд өвдсөн зэргээс шалтгаална. Хөнгөн өвдсөн бол ийм шинж тэмдэг илрэх нь бага. Тухайлбал, 60-аас дээш насныханд мартаж, санах, ой санамж алдагдах зэрэг шинж давамгайлж байна. Харин 30-45 насны эмэгтэйчүүдийн хувьд, гормоны өөрчлөлт орж, үс унах, хумс хугарах, сэтгэл санаа тогтворгүй байх зэрэг шинж илэрч байгаа. Хүний генетикийн онцлогтой холбоотой энэ шинж тэмдгүүд харилцан адилгүй илэрч байгаа бөгөөд цаашид хэдий хугацаанд үргэлжлэхийг эрдэмтэд судалж байна" хэмээв.  


Залуу хүнд зүрх судас, бөөр, уушги зэрэг эрхтэнд хууч өвчний үлдэц ажиглагдаж байгаа аж. Энэ нь эмчийн хяналтад эмчлэгдэх боломжтой ч цаашид хэдий хугацаанд үргэлжлэхийг нарийвчлан судалж байгаа юм. Дээрх шинж тэмдэг нь одоогоор зургаан сарын дотор илэрч байгаа бөгөөд, эмнэлүйн эмч нарын зөвлөгөөг авч, эмчилгээ, сэтгэл засал хийлгэвэл амархан илааршиж байгааг судалгаанд тэмдэглэжээ. 


Иймд COVID-19 халдвар авахгүйн тулд эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөөг ягштал мөрдөх, шинжилгээнд тогтмол хамрагдахыг уриаллаа. Халдварыг эрт үед илрүүлснээр хөнгөн өвдөх нөхцөл бүрдэнэ гэдгийг мэдээллийн үеэр тодотгов.

Холбоотой мэдээ