Дүүргүүдийн Шуурхай штабын ажилтай танилцав

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-01-22 21:16:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОК-ын орлогч дарга А.Дашням өнөөдөр Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Шуурхай штабын ажилтай танилцаж, удирдлагуудтай цаг үеийн асуудлаар санал солилцон, үүрэг чиглэл өглөө.


Дүүргүүдийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга нар цар тахлын үеийн нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон мэргэжлийн байгууллагын ажлын уялдаа зэрэг асуудлаар ярилцав.


Тухайлбал Сүхбаатар дүүргийн Онцгой комисс коронавируст цар тахлаас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлтгэл бэлэн байдал, хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлэх, ариутгал халдваргүйтгэл хийх, зорилтот бүлгийн иргэдэд хүнсний тусламж үзүүлэх, гамшгаас хамгаалах алба, хэлтэс, нэгжийн үйл ажиллагааг хангах шатахуун, хоол хүнс, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, мэдээллийг иргэдэд сурталчлах хүрээнд 25 захирамж, тушаал гарган, биелэлтийг хянаж байна.


Мөн дүүргийн ЗДТГ-аас цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 1-20 дугаар хорооны зорилтот бүлгийн 6567 иргэнд 12 удаа хүнсний багцын тусламж үзүүлжээ.


Коронавируст халдварын цар тахлаас сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэн, халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөөг дүүргийн ЗДТГ-ын 1 давхрын Иргэний танхимд бэлтгэн, эмнэлгийн яаралтай тусламжийн эм, тариа, багаж, хэрэгслээр бэлэн байдлыг хангсныг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ