Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-24 18:45:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван Итэй өнөөдөр утсаар ярив.


Ван И сайд Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд нь Б.Батцэцэг сайдад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа COVID-19 цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэж, хоёр талын хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхийн төлөө цаашид ч нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.


Талууд цар тахлын нөхцөл байдлыг харгалзан дээд, өндөр түвшний харилцан айлчлал, хамтын ажиллагааны механизмуудын уулзалтыг зохих хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй гэж санал нэгдэв.


Гадаад харилцааны сайд нар халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд урьдын адил анхаарал хандуулахын сацуу худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, худалдааг дэмжих, томоохон төслүүдийн хэрэгжилтийг урагшлуулах чиглэлээр хоёр талын ажлын уялдаа, мэдээлэл солилцоог идэвхжүүлэхээр тохиров.


Монгол Улсын COVID-19 цар тахлын эсрэг тэмцэх ажилд дэмжлэг олгож БНХАУ-ын Засгийн газраас 300 мянган тун вакциныг буцалтгүй тусламжаар олгосонд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг талархал илэрхийлэв.


Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятад, Оросын гурван талын хамтын ажиллагааны төслүүд болон бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар мөн санал солилцов.

Холбоотой мэдээ