Уругвай улсад суух Элчин сайд Ш.Батцэцэг Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-17 16:28:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад суух Элчин сайд Ш.Батцэцэг тус улсын Гадаад хэргийн сайд Франсиско Бустиёод энэ сарын 16-нд Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулж, үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо. 


Цахим хэлбэрээр болсон уг ёслолын үеэр Элчин сайд Ш.Батцэцэг, Монгол Улсаас Уругвай улсад суух анхны Элчин сайд болж байгаа нь манай улсын Засгийн газар тус улстай явуулж буй харилцаандаа ач холбогдол өгч байгааг онцолж, хоёр талын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт түлхүү хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.


Сайд Ф.Бустиёо Монгол, Уругвайн хамтын ажиллагааг Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд хөгжүүлэх, улмаар Монгол Улс “Меркосур”-ын гишүүн орнуудтай харилцаагаа ойртуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.


2018 онд Монгол, Уругвайн Гадаад хэргийн яамд хооронд зөвлөлдөх механизмтай болсон төдийгүй хоёр орны иргэд харилцан визгүй зорчиж байна.

Холбоотой мэдээ