Тогтвортой, ногоон хөгжлийг дэмжихээ илэрхийлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-02 10:37:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Ахмед М. Саеид, Зүүн Азийн газрын захирал Жэймс Линч тэргүүтэй төлөөлөгчидтэй цахимаар уулзлаа.


Энэ үеэр Сангийн сайд коронавируст халдварын цар тахлын хүнд үед АХБ Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлж байгаад талархаад, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээхэд Засгийн газар шаардлагатай арга хэмжээг авч байгаа. Цаашид цар тахлыг даван туулахад АХБ-ны дэмжлэг, хувь нэмэр чухлыг онцлов.


Тэрбээр, Засгийн газар эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, сэргээх, төсвийн зохистой бодлогыг үргэлжлүүлж, иргэдээ хугацаа алдалгүй вакцинжуулснаар эдийн засаг сэргэнэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

АХБ цар тахлыг даван туулах, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахад Засгийн газрын шийдэл оновчтой, зөв байгааг онцолжээ.


Ирэх 4 жилийн хамтын ажиллагааны стратегийн хүрээнд Засгийн газрыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлж, эдийн засгийн тулгуур салбарыг төрөлжүүлэх, хүртээмжтэй өсөлт бий болгох, тогтвортой, ногоон хөгжлийг дэмжихээ АХБ-ны дэд ерөнхийлөгч илэрхийллээ.


Түүнчлэн нэг салбарын хэт хамаарлыг багасгах, хувийн хэвшлийн салбарыг хөгжүүлэхэд Засгийн газрын бодлогыг дэмжиж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаа нэмэхэд техникийн болон бодлогын дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ энэ үеэр онцолжээ.


Монгол Улс, Азийн хөгжлийн банкны түншлэлийн 30 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд дунд хугацааны хамтын ажиллагааны стратегиа баталж байгаа чухал үе аж.  

 

Холбоотой мэдээ