Хүний амь хөнөөж, ноолуур хулгайлсан этгээд 3 жилийн дараа илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-19 17:56:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ноолуур хулгайлах үедээ хүний амь хөнөөсөн этгээдийг гурван жилийн дараа илрүүлсэн тухай ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс өнөөдөр мэдээлэв. 


Тодруулбал, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны 4.10 цагт “Тус аймгийн Баянхонгор сумын дөрөвдүгээр багийн нутаг, Түйн голын эрэгт айл шатаж, хүн амиа алдсан байна” гэх дуудлага иржээ. Дуудлага мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газарт ажилласан. Шалгалтаар, тус гэрт 42 настай иргэн шатаж амиа алдсан байсан тул хэрэг нээн шалгаж эхэлжээ. 


Дээрх хэргийг энэ оны дөрөвдүгээр сарын 12-14-нд Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс болон  Баянхонгор аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хамтран ажлын баг гарган албан томилолтоор ажиллаж хэргийг дахин сэргээн шалгажээ. 


Шалгах явцад, уг гэмт хэргийг 1996 онд төрсөн “Н” гэгч нь үйлдсэн болохыг тогтоон 2021 оны дөрөвдүгээр сарын 12-нд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээс баривчилж шалгах ажиллагааг явуулж байна. Хэрэгт сэжиглэж буй “Н” гэгч нь 2018 оны дөрөвдүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Баянхонгор сумын нутаг, Түйн голын эрэг Дээд Угалз гэх газарт оршин суух иргэн “Д”-ийн гэрээс ноолуур хулгайлах үедээ түүний биед халдан ухаан алдуулж улмаар гэрийг шатаан амийг нь хөнөөсөн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Холбоотой мэдээ