Торгон цэргийн ангид албаа нэр төртэй хаасан дайчдыг бэлтгэлээр халлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-05-04 10:55:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн 2020 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчдыг бэлтгэлээр халах, Байлдааны туганд хүндэтгэл илэрхийлэх ёслол даваа гарагт боллоо.


Энэхүү ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын даргын орлогч, хурандаа Д.Дугаррагчаа оролцон бэлтгэлээр халагдаж байгаа дайчдад баяр хүргэж, цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсэв.


Монгол Улсын Үндсэн хуулийн журамт үүргээ биелүүлж, цэргийн жинхэнэ албыг нэр төртэй хаасан түрүүч, байлдагч нарт хандан тус ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяр хэлэхдээ, “Монгол Улсын иргэн бүр эх орноо батлан хамгаалах, аюулгүй байдлыг сахин хамгаалах эрхэм үүрэгтэй билээ. Та бүхэн 97 жилийн дайчин замнал түүхтэй төрийн торгон цэргийн ангид алба хаах чин хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн ирсэн цаг хугацаа саяхан мэт санагдаж байна.



Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, эр цэргийн албанд шамдан боловсорч, энх цагийн манаа, төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн үүргээ мадаггүй гүйцэтгэсэн та бүхнээр бид бахархаж байна. Сурлага, сахилгаараа үлгэр жишээ байж, эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн эрхэм дайчдаар аав ээж, ахан дүүс, нутгийн зон олон нь бахархаж, хүндэтгэлтэйгээр угтан авна гэдэг эргэлзэхгүй байна. Эрхэм дайчдыг маань Төрийн ёслолын цэргийн цагаан туг өнө мөнхөд ивээж байх болтугай” гэсэн юм.

Холбоотой мэдээ