Үндэсний Статистикийн Хороо НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагатай хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа, НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нар санамж бичигт гарын үсэг зурж, дотоод шилжилт хөдөлгөөний үндэсний тоон мэдээллийг чанарыг нэмэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
ҮСХ болон НҮБ-ын ШХБ нь анх удаа хамтран ажиллах санамж бичиг байгуулж байгаа юм. Цаашид хоёр тал Монгол Улсын дотоод шилжих хөдөлгөөний статистикийн систем, хүн ам, өрхийн судалгаа зэрэг шилжих хөдөлгөөнийг тооцсон тоон мэдээлэл, судалгаанд системт үнэлгээ хийх, аймаг, нийслэл, дүүрэг, холбогдох төрийн албан хаагчдыг чадавхжуулах үйл ажиллагаа зохион байгуулна. Мөн шилжих хөдөлгөөний тоон мэдээллийн хэрэглээг дэмжих хэвлэмэл, цахим хэлбэрийн ач холбогдол бүхий тоон мэдээллийг тодорхойлох, xэрэглээнд нэвтрүүлэхэд хамтран ажиллах юм.
Монгол Улсын дотоодын шилжих хөдөлгөөн 2000 оноос хойш эрчимжиж, энэ оны байдлаар нийт хүн амын 46 хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Өнгөрсөн онд 39 мянган иргэн орон нутгаас нийслэлд шилжин ирж, оршин суух бүртгэл хийлгэжээ.
Оршин суух бүртгэл нь орон нутагт боловч, Улаанбаатарт хэдэн мянга нь амьдардаг тодорхой тоон мэдээлэл байдаггүй. Бүртгэлээсээ өөр газарт төрийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах нь хавтгайрсан тул төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэхэд саад болсоор байгааг ҮСХ мэдээлэв.
Иймд дотоод шилжих хөдөлгөөний үндэсний мэдээллийг чанаржуулах, одоо байгаа тоон мэдээллийн ашиглалт, хүртээмжийг сайжруулан, шилжилт хөдөлгөөнийг бодлого, зохицуулалтад уялдуулж, цогц байдлаар нэвтрүүлэхэд хамтран ажилласнаар Засгийн газар баримт нотолгоонд суурилсан дотоод шилжих хөдөлгөөний үндэсний тоон мэдээллийг бодлого, зохицуулалтад өргөн ашиглах боломж бүрдэх юм.
Хамтын ажиллагаа нь Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй Монгол дахь "Дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь" төслийн хүрээнд ийнхүү үргэлжилж байна.