Д.Бат-Эрдэнэ: Саналын хуудасны зургийг авах нь 10 сая төгрөгийн торгуультай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-09 16:57:46
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Бодлогод залуусын хяналт" ТББ-аас санал авах ажиллагаатай холбоотой хэд хэдэн багц гомдол гаргасныг залруулсан болон бусад зөрчилтэй холбоотой асуудлаар СЕХ-ны Хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ өнөөдөр тайлбар өгөв. 


Тодруулбал, санал авах байрны хяналтын камерын өнцөг нь иргэний сонгох эрхэд халдаж болзошгүй байрлуулсан байна гэх мэдээлэл ирснийг СЕХ-ноос шалгаад, зөрчлийг залруулах арга хэмжээ авчээ. 


Мөн санал авах байрны багтаамжаас хамаарч иргэний саналаа нууцлах эрхэнд халдсан байж болзошгүй байрлалд хэсгийн хорооны ажилчид байрлан ажиллаж байна гэх гомдол гаргажээ. СЕХ шуурхай арга хэмжээ авч тэдгээр ажилчдын байрлалыг сольсон байна. 


Хэсгийн хороодод байгаа 729 хяналтын камерыг цахимаар холбосон бөгөөд улс төрийн нам, ажиглагчдад хянах админ эрхийг өгсөн байна. Мөн СЕХ-нд ирж буй хяналтын камерын бичлэгээс гадна бүх гомдол, зөрчил тэдэнд очиж буйг тодотголоо. 


Хан-Уул дүүргийн зарим хэсгийн хороонд халдвар хамгааллын дэглэм баримтлуулахаар мэргэжлийн хяналтын байгууллага Засгийн газрын баталсан 152 тоот тогтоолыг хэрэгжүүлж байна. Ингэхдээ, санал авах байрны ариутгал хийхдээ, санал авах байранд байсан бүх хүмүүсийг гаргаж байна гэсэн гомдол иржээ. Гомдлын мөрөөр шалгахад, сонгууль зохион байгуулах ажлыг зогсоох, иргэний сонгох эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон зөрчил илрээгүй байна. Гэхдээ дараагийн удаа ариутгал хийхдээ санал авах ажиллагаанд саад болохгүй байхаар ажиллахыг дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад чиглэл болгожээ. 


Иргэний сонгох эрхэнд халдсан, саад учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болон зөрчлийн шинжтэй байдаг бөгөөд шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар арга хэмжээ авахуулах чиглэлд СЕХ ажиллана гэдгийг мэдээллийн үеэр тэмдэглэлээ. 


Санал авах байрны хаяг, байршилтай холбоотой гомдол олноор ирж байгаа юм байна. Тиймээс сонгогчийн лавлах "1800-2800" утсаар энгийн тарифаар холбогдож санал авах байрны байршлын мэдээлэл авах боломжтойг дуулгав. Мөн УБЕГ-ын burtgel.gov.mn цахим хаягаар орж регистрээ хийснээр санал өгөх байршлаа харах боломжтой аж. 


Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад тэрбээр хариуллаа. 


-Зөөврийн хайрцгаар түр саатуулагдсан, хорих ангид байгаа хүмүүсийн саналыг авсан уу?

-Сонгуулийн тухай хуульд, битүүмжилсэн зөөврийн хайрцгаар санал өгөх хүмүүсийн төрөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хоригдож, баривчлах байранд байгаа хүмүүс хамаардаг. Тэдний санал авах ажиллагааг зохион байгуулж, сонгох эрхийг нь хангасан. Зөөврийн хайрцгаар санал авсан хүмүүсийн тоонд багтаж байгаа. 


-Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хорооны нэгдүгээр хэсгийн хороонд саналын хуудсыг дугаарласан гэх гомдол гарсан. Энэ талаар тайлбар өгнө үү?


-Энэ гомдлыг хүлээн авсан. Саналын хуудас тухайн хэсгийн хорооны дугаараас өөр тэмдэглэгээ тавьж болохгүй. Гэтэл тухайн хэсгийн хорооны ажилтан саналын хуудас дээр харандаагаар архивын нэгжтэй ижил дугаар тавьсан байна. Энэ тэмдэглэгээг бүгдийг арилгах арга хэмжээ авсан. Саналын хуудаст яагаад тэмдэглэгээ хийлгэхийг хориглодог вэ гэхээр, сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхтэй нь холбоотой юм. Нэгдүгээрт зөрчил мөн, эсэхийг эрх бүхий байгууллага тогтооно. Хэрэв зөрчил гэж тогтоовол санал хураалтын дүн гарсны дараа нэр дэвшигчдийн авсан саналын зөрүү нь энэ зөрчлийн саналын хуудастай их, эсхүл тэнцүү байвал ноцтой зөрчил гэж тооцно. Ноцтой зөрчил гэж тооцвол тухайн саналын хайрцагт байгаа бүх саналын хуудсыг хүчингүйд тооцож дахин санал авах ажиллагаа зохион байгуулдаг. 


-Нэр дэвшигч С.Эрдэнэ бэлэн мөнгө тараасан гэх мэдээ гараад байсан?


-СЕХ хуулийн байгууллагатай шууд харьцаж мэдээллийг авч ажиллаж байна. Тухайн гомдлыг шалгахад хуурамч гэдэг нь тогтоогдсон. Тиймээс гомдол гаргах гэж байгаа ажиглагчид мэдээллээ сайтар нягтлах шаардлагатай байна. 


-Саналын хуудасныхаа зургийг олон нийтийн сүлжээнд тавьсан зөрчилд ямар арга хэмжээ авсан бэ?


-Зөрчлийн тухай хуулиар, сонгуулийн санал авах ажиллагаатай холбоотой 36 төрлийн үйлдлийг зөрчилд тооцдог. Түүний нэг жишээ нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 30.2 дахь хэсэг юм. Тодруулбал, сонгогч саналаа тэмдэглэсэн болон саналын хуудасны зургийг бусдад харуулах, зургийг авахыг хориглосон. Энэ үйлдэл тогтоогдвол 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгуультай. Бусад зөрчилтэй харьцуулбал өндөр торгууль юм. Өөрөөр хэлбэл, 10 сая төгрөгөөр торгодог. Энэ нь сонгогчийн саналыг худалдаж авахад чиглэсэн хууль бус үйлдлээс сэргийлэх арга хэмжээ юм. Жишээлбэл, сонгогч саналаа тэмдэглэсэн хуудасны зургийг аваад, нэр дэвшигчээс шан харамж нэхэх, эсхүл сонгогчийн саналыг худалдаж авахыг таслан зогсоох ач холбогдолтой. Тиймээс иргэд олон нийтийн сүлжээнд саналын хуудасныхаа зургийг тавьж болохгүй.


-"Түр хасав" тэмдэглэгээ хасагдаад, үндсэн сонгогчийн тоо нэмэгдээд байгаа учрыг тайлбарлана уу?


-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд, эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, хорих ял эдэлж байгаа, 60 ба түүнээс дээш хоногоор гадаадад түр зорчсон иргэдийн мэдээллийг үндэслээд "түр хасав" тэмдэглэгээ хийдэг. Гадаадад зорчоод өнөөдөр ирсэн, эсхүл өмнө нь ирчихээд, өнөөдөр саналаа өгөх гэж байгаа иргэн гадаад паспортынхоо хилээр орсон, гарсан тэмдэглэгээг үзүүлээд саналаа өгөх боломжтой. Энэ тохиолдолд, "түр хасав" тэмдэглэгээ хасагдаж үндсэн сонгогчийн тоо нэмэгдэнэ. Мөн шүүхийн шийдэрээр эрх зүйн чадамж нь сэргээгдсэн иргэн байж болно. Тухайн иргэн эрх зүйн чадамж нь сэргээгдсэн шүүхийн шийдвэрээ санал авах байранд үзүүлээд "түр хасав" тэмдэглэгээг хүчингүй болгож болдог. Үүнтэй холбоотой "түр хасав" тэмдэглэгээтэй иргэний тоо өөрчлөгдөж байгаа юм. 


-Өмнөговь аймгийн Цагаанхаданд ажилладаг уул уурхайн 12 мянган ажилчин саналаа өгөх боломжгүй болсон шалтгааныг тайлбарлана уу?


-Саналаа өгөх эрх нь бүрэн нээлттэй байсан. Учир нь сонгогч санал авах өдөр харьяа хэсгийн хороондоо байхгүй тохиолдолд, санал авах өдөр байх хэсгийн хороон дээрээ шилжилт хийлгэж саналаа өгөх боломжтой байдаг. Өнөөдрийн байдлаар, ямар нэгэн сонгогчийн нэрсийн жагсаалтад өөрчлөлт орох боломжгүй байгаа. 

Холбоотой мэдээ