Сайд З.Мэндсайхан БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-22 13:10:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлин болон тус ЭСЯ-ны төлөөллийг хүлээн авч уулзан, хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг дүгнэн ярилцав.


Монгол Франц хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд харилцан ашигтай хэлбэрт шилжин эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа эрчимжсэн мал аж ахуй, мах, сүүний чиглэлийн фермийн аж ахуйн технологи нутагшуулах, малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор мах, сүүний чиглэлийн үхэр, сүүний чиглэлийн ямаа, ноосны чиглэлийн хонийг амьдаар нь импортолж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хоёр улсын аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг дэмжиж ажиллажээ.


Уулзалтын үеэр З.Мэндсайхан Францын хүнсний тусламжийн сангаас олгодог бичил зээл нь хөдөө орон нутгийн малчин өрхүүдэд түлхэц болдгийг цохон тэмдэглээд, “Монгол Улсын малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг шинэчлэх (STDF/PG/534)” төслийг  Дэлхийн худалдааны байгууллагын Стандарт худалдаа хөгжлийн байгууллагын /сан/ санхүүжилтээр хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэн дэмжсэн Элчин сайдад талархлаа илэрхийлэв


Түүнчлэн Монгол орны онцлог бүтээгдэхүүн болох чацарганыг газар зүйн заалтад бүртгүүлэх чиглэлээр хоёр тал үргэлжлүүлэн идэвхтэй ажиллахаар тохиролцлоо.


Энэ үеэр БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хоёр улс хоорондын дипломат харилцааны түвшинг ахиулах, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлж, худалдааны эргэлтийг нэмэхэд хичээл зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласныг үнэлж ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Монгол улсын Засгийн газрын шагнал “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” тэмдгээр шагнажээ.

Холбоотой мэдээ