Б.Мөнхдорж: Байгаль хамгааллын үйл ажиллагааг кластерийн зарчмаар хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-10-20 18:08:01

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газраас хамтран хэрэгжүүлж буй байгаль орчны чиглэлийн “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл Увс аймагт хэрэгжиж эхлээд байна. Үүнтэй холбогдуулан тус төслийн Орон нутаг хариуцсан ажилтан Б.Мөнхдоржтой ярилцлаа.


-Юуны өмнө төслийнхөө санхүүжүүлэгч болон хэрэгжүүлэгч, хамтрагч байгууллагуудын талаарх мэдээллийг  өгөөч?

-"Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төсөл нь Монгол Улс болон Герман улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу манай орны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг түшиглэн хэрэгжиж байгаа. Тус төслийн хэрэгжүүлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам. Гол хамтрагч байгууллагууд нь Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, мөн аймгийн БОАЖГ, сум орон нутгийн ЗДТГ, ойн анги, сав газрын захиргаа, цаг уурын байгууллагууд голлон оролцоно.

Яамны дэргэд төсөл хэрэгжүүлэх нэгж болон олон улсын зөвлөх баг гэж бий. Энэ 2 баг төслийг чиглүүлж хэрэгжилтийг хангаж ажиллах юм. Төсөл хэрэгжүүлэх нэгж нь Монголын талаас хариуцан ажиллана. Олон улсын зөвлөхөөр ХБНГУ-ын Эко консалтинг гэж байгууллага ажиллаж байгаа. Улаанбаатарт төвтэй, Ховд аймагт салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

-Энэ төсөл Увс аймагт хэдийнээс хэрэгжсэн бэ?

-Манай аймагт 2020 оноос албан ёсоор судалгаа эхлэн, хэрэгжиж байна. Улсын хэмжээнд эхний шат нь 2015 оноос Монгол орны төв, хангайн болон зүүн бүсэд 6 жил хэрэгжээд, 2021 онд дуусгавар болж байгаа. Харин төслийн II, III шат нь манай орны баруун болон говийн бүсэд хэрэгжихээр суурь судалгаа, бусад зохион байгуулалтын ажлуудыг хийгээд явж байна.

-Төслийн санхүүжилт, хамрах цар хүрээ ямар байх вэ?

-Төслийн төлөвлөгөөгөөр 2020-2027 оны хугацаанд баруун бүсэд хэрэгжих юм. Санхүүжилтийн хувьд энэ төсөл нь хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хийж байгаа тул аль аль талдаа үүрэг хариуцлагатай байх зарчим баримталдаг. Нийт санхүүжилт 32.7 сая евро. Үүнээс 27.5 сая еврог Германы талаас, 4.7 сая еврог Монголын талаас санхүүжүүлэхээр тусгай гэрээнд заасан байдаг.

-Үйл ажиллагааны зорилтот бүлэг гэж бий юу?

-Энэ төсөл хөрөнгө оруулалтын чиглэлийн төсөл юм. Тийм болохоор хамрах хүрээ нь мэдээж төслийн сонгож авсан бүс буюу баруун бүс нутаг, тэнд байх тусгай хамгаалалттай газар нутгууд хамрагдана. Дээр нь төслийн баримт бичигт заасан бие даасан 7 тусгай хамгаалалттай газрыг сонгож хамтран ажиллахаар төлөвлөсөн. Зорилтот бүлэг гэсэн нийгмийн чиглэлийн төсөл шиг нас, хүйс, эдийн засгийн чадавхаар нарийвчлан ангилсан зүйл байхгүй.

Гэхдээ энэ удаагийн II, III шатанд тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд амьдарч буй иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлийн ажлууд тусгагдсан болохоор улсын тусгай хамгаалалттай газрын эргэн тойрны орчны бүсийн сумд гэсэн ойлголт бол бий. Үүнийг тодорхой зохион байгуулалтад оруулж, төсийн үр дүнг бодитой гаргахын тулд төслийн зөвлөх баг болон санхүүжүүлэгч талын зүгээс кластерийн зохион байгуулалтад оруулж ажиллахаар төлөвлөсөн.

Төсөл хэрэгжих Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Ховд аймгийг ерөнхийд нь таван кластер болгоод, кластер болгонд менежментийн зөвлөлийг байгуулж, төлөвлөгөө боловсруулан ажиллах юм. Энд аймаг болгоны бүх сум хамрагдана гэсэн үг биш. Гэхдээ Увс, Ховд аймгийн бүх сум, бусад аймгаас тодорхой тооны сумд сонгогдсон. Энэ нь тухайн аймгийн тусгай хамгаалалттай газрын тоо, хэмжээ, байрлалаас хамаарч байгаа.

-Төслийн үндсэн зорилго юу вэ? Орон нутагт ямар ажлыг голлон зохион байгуулах вэ?

-Төслийн нэрнээс зарим нэг санааг харж болно. Төсөл болохоор сонгож авсан тусгай хамгаалалттай газар нутгууд болон холбоос нутгуудын (орчны бүс болон экологийн коридор, манайд бол кластер) тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, нутгийн ард иргэдийн амьжиргааг уур амьсгалын өөрчлөлтийн энэ үед тогтвортой байдлаар дэмжих ямар боломж байгааг судалж, дэмжих зорилготой. Энэ нь цаанаа иргэдийн амьжиргаанд нөлөөлөх замаар байгаль хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх л бодлого яваад байгаа юм. Орчиндоо ээлтэй амьжиргааг дэмжсэн ажлуудыг хийж хэрэгжүүлнэ гэсэн үг.

-Увс аймаг биологийн төрөл зүйлийн хувьд баялаг шүү дээ. Энэ талаар нарийвчилсан судалгаа хийх үү? Ер нь судалгааны ажлыг ямар түвшинд хийх вэ?

-Төсөл хэрэгжихийн тулд санхүүжүүлэгч талаас мэдээж ерөнхий байгалийн нөхцөл, нөөц, менежментийн чадавх, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх боломжийн судалгаанууд хийсний дүнд төсөл хэрэгждэг. Харин тухайн газартаа хэрэгжих үед төслийн баримт бичигт заасны дагуу нарийвчилсан судалгаанууд хийнэ. 2021 онд Увс аймаг болон баруун аймгийн хэмжээнд ойн менежмент, биологийн олон янз байдал, нийгэм, эдийн засгийн суурь судалгаануудыг хийгээд явж байна. Уг судалгааг төслийн төгсгөлд дахин хийж үнэлэлт, дүгнэлт гаргадаг.

-Сүүлийн жилүүдэд байгалийн гэнэтийн үзэгдлүүд их гардаг болжээ. Ингэхэд уур амьсгалын өөрчлөлт гэдгийг иргэд бид хэрхэн ойлгож хүлээж авах, дасан зохицох ёстой вэ?

-Уур амьсгалын өөрчлөлтийг энгийн хүн өнөөдрийн нөхцөл байдлаар шууд тодорхойлоход төвөгтэй урт хугацаанд явагддаг процесс. Мэдээж боломжгүй зүйл бас биш. Ажигч, гярхай хүмүүс үүнийг маш сайн анзаарсан байдаг. Хур тунадасны давтамж, ургамлын гарц, зүйлийн баялаг байдал, улирлын онцлог өөрчлөлтүүд гэх мэт. Ялангуяа бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг манай орны малчид илүү анзаардаг. Байгаль, уур амьсгалын өөрийнх нь онцлог бол байнгын хөдөлгөөн, өөрчлөлтөд оршдог гэдгийг бид ойлгох ёстой. Тийм болохоор өөрчлөлт бүрийг сөрөг талаас тайлбарлах нь бас өрөөсгөл юм. Хамгийн гол нь энэ өөрчлөлт иргэдийн амьдрал, эрүүл мэнд, эрхэлж буй аж ахуйд ямар сөрөг болон эерэг нөлөө үзүүлж байгааг шинжлэх ухааны үндэстэй л тайлбарлах ёстой.

Манай аймгийн хувьд байгалийн бүс, бүслүүрийн хувьд олон, түүнийг дагасан биологийн төрөл зүйл баялаг байдаг ч ургамал, амьтад нь нүүдэл хийх, ургаж байсан газраа ургахаа болих, шинээр зүйл нутагших гэх мэт дасан зохицох хэлбэрээр хариу үйлдэл үзүүлдэг. Харин энд амьдарч буй ард иргэдийн хувьд дасан зохицохоос өөр боломжгүй. Үүндээ бид эрхэлж буй аж ахуйгаа сайжруулах, шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх, хүрээлэн буй орчныхоо байгалийн төрөл, зүйлийн унаган байдлыг хамгаалж л тэмцэх хэрэгтэй.

-Төсөл хэрэгжүүлэхэд цар тахлын нөхцөл байдал багагүй саад учруулж байгаа байх. Энэ нөхцөлд хэрхэн ажиллаж байна вэ?

-Баруун бүсэд хэрэгжээд жил өнгөрч байна. Энэ хугацаа нь яг ковидын нөхцөл байдалтай давхацсан тул ажил явуулахад хүндрэлтэй байлаа. Аливаа төсөл шинээр хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн тухайн орон нутагт төслийн ойлголт мэдээллийг өгөх, чадавхжуулах, мэдээллээр хангах сургалт, уулзалт, судалгааны ажлуудыг хийдэг. Гэтэл өнгөрсөн хугацаанд энэ ажлууд бүрэн зогссон. Монгол төдийгүй дэлхий дахинд энэ өвчинтэй дасан зохицож, үйл ажиллагаагаа уялдуулж хэрэгжүүлэхээс өөр аргагүй нөхцөл үүсэж байгаа тул бид ч мөн онцгой байдлын шийдвэрүүдийг харгалзан олон хүн цуглуулахгүй, тодорхой тооны хүмүүстэй уулзалтуудыг зохион байгуулаад явж байна. Цахимаар хэдэн үйл ажиллагааг зохион байгуулсан. Одоо ч бас цахим байдлаар ажлуудаа хийж л байна. Гэхдээ орон нутагт бүгдийг цахимаар явуулах нь зарим нэг зүйлд учир дутагдалтай харагдаж байгаа. 

-Төслийн зүгээс төрийн болон ТББ, аж ахуйн нэгжүүдтэй хэрхэн хамтран ажиллах вэ?

-Хоёр орны хамтарсан төсөл тул орон нутгийн шат шатны Засаг дарга нар, мөн мэргэжлийн байгууллагууд болох байгаль орчны байгууллагуудтай шууд хамтарч ажилладаг. Харин ТББ байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй бол худалдан авах ажиллагаа, судалгааны зөвлөх үйлчилгээний ажлууд дээр хамтраад явдаг. Үүндээ санхүүжүүлэгч талын журам, байгуулсан гэрээ, Монгол Улсын хуулийн дагуу гэрээ байгуулан ажилладаг.

-Төслийг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд ямар арга замыг сонгож байгаа вэ?

-Энэ төсөл нь хөрөнгө оруулалтын төсөл гэдгийг өмнө дурдсан. Төслийн эхний шатанд 2015-2021 онд Монгол орны төвийн болон зүүн бүсэд хэрэгжихдээ тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааг түшиглэн гол хөрөнгө оруулалтаа хийсэн. Ихэнхдээ байгаль хамгаалагчдын чадавхыг бэхжүүлэх сургалт, ажиллах нөхцөлийг сайжруулах байгаль хамгаалагчийн байр, унаа, хэрэглэх тоног төхөөрөмж гэх мэт зүйлсээр хангаж ажилласан. Харин төслийн хоёр, гуравдугаар шат баруун бүсэд хэрэгжихдээ тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааг түшиглэн өмнөхтэй төстэй хөрөнгө оруулалтыг оруулахын зэрэгцээ тухайн тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн сумдыг кластерийн зохион байгуулалтад оруулж, дэмжин ажиллахаар төлөвлөсөн. 

Мэдээж төслийн хувьд дотроо ялгаатай бүрэлдэхүүн хэсгүүдтэй. Түүнийхээ дагуу ажлуудаа төслийн удирдах хороогоор батлуулан хэрэгжүүлнэ. 

-Кластерийн зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй ярина уу?

-Кластер гэдгийг тайлбарласан олон тодорхойлолт бий. Энэ нь уг үгний өргөн цар хүрээтэй ойлголт гэдгийг нэг талаараа харуулж байгаа байх. Толь бичгүүдэд кластер гэдэг нь ойролцоо эсвэл нэг дор байх ижил төрлийн, мөн ижил төстэй үйл ажиллагаа эрхэлж буй хүмүүсийн нэгдэл, хамтралыг хэлнэ гэсэн байдаг. Эдийн засгийн үүднээс нарийвчлан тайлбарласан тайлбар олон бий. Гэхдээ дээрх ерөнхий ойлголт, утгаа гээхгүй.

Кластер гэдгийг манай төсөл дээр ашиглахдаа газарзүйн байршил, тусгай хамгаалалттай газар түүний холбоос нутгийг (коридор) хамруулж, түүнд тулгуурлан кластерийн хуваарилалтыг хийсэн.

Баруун аймгийг 5 кластер болгон хуваасан. Үүнд аймаг, сумын хилийг голчлохгүй байгалийн нөхцөл, газарзүйн байршилд тулгуурлан хуваасан гэсэн үг. Увс аймгийн хувьд төслийн нэг болон гуравдугаар кластерт хамрагдана. Нэгдүгээр кластерт Бөхмөрөн, Ховд, Сагил, Түргэн, Тариалан сум, гуравдугаар кластерт Давст, Улаангом, Тэс, Зүүнговь, Наранбулаг, Завхан, Хяргас, Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай, Малчин, Баруунтуруун сум хамрагдана. Өлгий, Өмнөговь сум 4-р кластерт хамрагдаж байгаа. Ингэж хуваарилалт хийсэн нь ямар нэг давуу болон сул талыг үүсгэхгүй бөгөөд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд бүгд жигд хамрагдаад явна.

-Кластерийн удирдлага зохион байгуулалт ямар байх вэ, орон нутгийн оролцооны тухайд?

-Төслийн зөвлөх болон санхүүжүүлэгч талаас кластерийн зохион байгуулалтаар үйл ажиллагааг явуулахаар шийдвэрлэсэн ч орон нутагт бид ийм байдлаар өргөн утгаар нэгдэж, нийлж ажиллаж байгаагүй болохоор мэдээж асуудлууд тулгарах байх. Гэхдээ бид хамтарч ярилцаад шийдээд л явах ёстой. 

Кластерийн аргачлалыг зөв авч явахын тулд кластер бүрд кластерийн менежментийн зөвлөл байх бөгөөд сумдын Засаг дарга нь уг зөвлөлийн гишүүн байна. Мөн дээр нь тухайн бүсэд байрлах байгаль орчны байгууллагуудын дарга, эрхлэгч гишүүд нэмэгдэж уг зөвлөл бүрдэнэ. Харин салбарын хууль эрх зүйн орчинд уг кластертэй холбоотой хуулийн нэр томьёолол тодорхойгүй байгаа нь бидэнд бас тулгамдаж байгаа асуудал. Тэгэхээр кластерийн менежментийн зөвлөл нь байгуулагдсан цагаасаа хамтран өөрсдийн дунд болон богино хугацааны төлөвлөлтийг гаргах юм. Мөн уг төлөвлөлт нь орон нутгийн байгаль хамгаалал, үйлдвэрлэл, амьжиргааны урт хугацааны тогтвортой байдлыг сайжруулж, нөлөөлөлд өртсөн оролцогч талууд болон орон нутгийн иргэдийг шийдвэр гаргах, төлөвлөх, хэрэгжүүлэхэд татан оролцуулж, чадавхжуулах зорилгыг эрхэмлэнэ. Тус кластерийн зөвлөлөөр хэлэлцэгдэж, дэмжигдсэн ажлуудыг төслийн зүгээс санхүүжүүлэх юм.

-Ингэхэд ямар үйлдвэрлэлийг кластерийн түвшинд дэмжиж ажиллах вэ?

-Тэгэхээр тухайн бүс нутаг бүр өөрсдийн онцлог ландшафт, дэд бүтцийн нөхцөл, амьдралын хэв маягаараа өөр өөр тул кластерийн менежментийн төлөвлөгөө нь өөрсдийн гэсэн онцлог, ялгаатай. Төслийн зүгээс байгаль орчинд ээлтэй, байгалийн баялгийг зохистой ашигласан, илүү дасан зохицох менежментийг удирдлага болгосон, өрхийн орлогод нөлөөлөхүйц үйлдвэрлэлийг дэмжих бодлого барина. 

Нөгөө талаасаа кластер нь улсын ба орон нутгийн тусгай хамгаалалттай газар, эко коридор, эко холбоос нутгуудын экосистемийн болон биологийн олон янз байдлын бүрэн бүтэн байдал, зэрлэг амьтдын амьдрах орчныг хадгалан хамгаалахад үндсэн хувь нэмэр оруулж, үргэлж өөрчлөгдөж буй нөхцөл байдлаас кластерт хамрагдсан талууд харилцан суралцах, дасан зохицох амьдралын хэв маягийг бий болгоход анхаарч ажиллах юм.

-Цар тахлын үе хэдий ч танай төслийн зүгээс тодорхой хэмжээний ажлыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн байх. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Өнгөрсөн хугацаанд төсөл хэрэгжүүлэх нэгжийн хувьд төслийн өмнөх шатны ажлууд дээр ажиллахаас гадна баруун бүсэд судалгаануудыг хийж, орон нутгийн удирдлагуудтай хамтарч кластерийн хамтын ажиллагааны санамж бичгийг хамрагдсан бүх сум, аймгийн удирдлагуудтай байгуулан ажиллалаа. 

Мөн байгаль орчны байгууллагуудын нөхцөл байдлын судалгааг авч техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр бэлэн болоод ажил үргэлжилж байна. Байгаль хамгаалагчийн хувцас хэрэглэлийг шинэчлэх ажил, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр санхүүжүүлэгч талын шаардлагыг хангасан иргэдэд хүлэмж, усалгааны системийг 2022 оны хавар олгох, баруун бүсийн суурь судалгааны ажлуудыг эхлүүлээд дуусах шатандаа ороод явж байна.

Бүсийн хэмжээний төвийг Ховд аймагт барих, Зүүнгарын говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байрыг барих ажлууд хэлэлцүүлгийн шатанд яваа.

-Төслийн зүгээс энэ онд ямар томоохон ажил хийхээр төлөвлөсөн бэ? 

-Дээрх ажлуудын зарим нь он дамжин үргэлжлээд хийгдэх байх. Мөн энэ ондоо багтаж кластеруудыг зохион байгуулалтад оруулан, хэлэлцүүлгийг хийж, ирэх онд хийх зарим нэг ажлуудын саналыг гаргах юм. Гаргасан саналуудыг шууд хийнэ гэсэн үг бас биш. Гарсан саналуудыг кластерийн түвшиндээ хэлэлцээд төслийн удирдах хороонд танилцуулж баталгаажуулна. Ингэснээр судалгаа хийж, үнэхээр бидэнд хэрэгжих ямар боломж, нөөц, төслийн чиглэл, зорилготой хэрхэн уялдаж байгааг харгалзан хэрэгжүүлэх шатанд орно.

Мөн тусгай хамгаалалтын газруудын  менежментийн үр ашигт байдлын үнэлгээ хийнэ. Манай аймгийн нутаг дэвсгэрт орших Хан Хөхийн нуруу, Хяргас нуурын БЦГ, Алтан элсний ДЦГ-ын менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулахад  төслийн  зөвлөгөө, дэмжлэг өгч  ажиллана.

-Баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.


Холбоотой мэдээ