Филиппинд гурван өдрийн дотор 9 сая хүнийг вакцинжуулна

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-11-30 11:10:37

МАНИЛА. /Al Jazeera/. Филиппиний эрх баригчид вакцинжуулалтын томоохон аян эхлүүлж, гурван өдрийн дотор 9 сая хүнийг дархлаажуулахаар төлөвлөж байна.


Энэхүү томоохон аян нь "омикрон" хэмээн нэрлэсэн коронавирусний шинэ хувилбар тархсантай холбоотойгоор вакцин хийлгэсэн жуулчдад хүртэл хилээ хаагаад буй үед эхэлж байгааг хэвлэлүүд онцолжээ.


Филиппиний Засгийн газар эхэндээ 15 сая хүнийг вакцинжуулна гэж төлөвлөж байсан боловч 9 сая болгосон байна.


Филиппинд өдөрт дунджаар 829 000 тун вакцин хийж байгаа аж. Улсын хэмжээнд энэ аянд вакцинжуулалтын 11 000 цэгт 160 000 сайн дурын ажилтан оролцоно гэж тус улсын Засгийн газар мэдээлжээ.


Өнгөрсөн долоо хоногт Филиппиний эрх баригчид вакцины хоёр тунг хийлгэсэн жуулчдад 12 дугаар сарын 1-нээс хилээ нээхээр төлөвлөж байсан боловч коронавирусний шинэ хувилбарын аюулын түвшин өндөр байгаа талаарх ДЭМБ-ын мэдэгдлийг харгалзан төлөвлөгөөгөө цуцлах шийдвэрийг өнгөрсөн амралтын өдрүүдэд гаргасан байна.


Филиппин улс Азийн орнууд дундаа вакцинжуулалтын түвшнээр нэлээд хоцорсон хэвээр байгаа юм. Одоогийн байдлаар нийт хүн амынх нь гуравны нэг орчим нь буюу 36 сая орчим хүн вакцины хоёр тунг хийлгэжээ. Тус улсын эрх баригчид оны эцэс гэхэд 54 сая хүнийг, 2022 оны гуравдугаар сар гэхэд 77 сая хүнийг вакцинжуулахаар төлөвлөж байна.


Намрын эхэн сартай харьцуулахад халдварын тохиолдлын тоо буурчээ.


Холбоотой мэдээ