Талибууд “Лалын улс” бүлэглэлийн эсрэг тусгай ажиллагаа явуулжээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-01 09:14:58

ТЕХРАН. /TASS/. Афганистаны засгийн эрхийг гартаа авсан “Талибан” хөдөлгөөний аюулгүй байдлын албаны ажилтнууд террорист “Лалын улс” бүлэглэлийн эсрэг тусгай ажиллагаа явуулжээ.


Ажиллагааг Афганистаны зүүн нутгийн Нангархар мужийн засаг захиргааны төв болох Желалабад хотын дүүргүүдийн нэгд явуулсан гэж “The Khaama Press” агентлаг талибуудын мэдэгдлээс эш татан мэдээлсэн байна.


Мэдэгдэлд дурдсанаар, зургаан цаг үргэлжилсэн тусгай ажиллагааны үеэр “Лалын улс” бүлэглэлийн гурван террористыг устгасны дотор салбарынх нь толгойлогч байгаа бөгөөд хоёр террорист шархаджээ.


Энэ ажиллагааны үеэр энгийн иргэдээс хэн нь ч шархдаагүй, “Талибан”-ы хоёр гишүүн хөнгөн шархадсан гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.


Желалабад хотод талибууд болон “Лалын улс” бүлэглэлийн хооронд мөргөлдөөн болж байгаа талаар “Aamaj News” агентлаг өмнө нь мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, ширүүн мөргөлдөөн мягмар гаргийн шөнө эхэлж, өглөө болтол үргэлжилсэн бөгөөд талууд янз бүрийн зэвсэг хэрэглэсэн байна.


Холбоотой мэдээ