Хавиргын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ТЭЗҮ-ийг тооцох ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-12-10 21:43:24

Дорнод /МОНЦАМЭ/. Чойбалсан хотыг Хавиргын боомттой холбох тухай асуудал эрх баригч намын мөрийн хөтөлбөр, цаашлаад Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Энэ өдрүүдэд Улаанбаатар хотод болж байгаа МАН-ын 30 дахь Их хурлын үеэр ч эрх баригч нам хилийн боомтыг хөгжүүлэх асуудлыг гол чиглэл болгож байгаагаа танилцуулсан нь Дорнодынхны алс хэтэд өгөөжөө өгөх чухал мэдэгдэл байлаа.

2022 оны Хөгжлийн төлөвлөгөөг УИХ-аар батлах үед Хавиргын боомтыг Чойбалсан хоттой хатуу хучилттай замаар холбох ажил түлхүү яригдаж, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласнаар бодлогын чанартай баримт бичгүүдэд энэхүү бүтээн байгуулалтыг тусгаж, ирэх онд улсын төсвөөр хийгдэхээр эхлэлийн хөрөнгө нь тавигдаад байгаа юм. Удахгүй сонгон шалгаруулалт эцэслэгдэж, урин дулааны цагаар замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

124.4 км зам тавьснаар Хавиргын боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах зайлшгүй шаардлага урган гарч ирнэ. Цар тахлаас өмнөх хүчин чадлаараа ажиллах юм бол бөөгнөрөл түгжрэл үүсч, ачааллаа даахгүйд хүрэх нь тодорхой. Ар хашаатын хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал өнөөдрийн Хавиргын боомтын нэвтрүүлэх хүчин чадлаас даруй 5-6 дахин илүү гэдгийг боомтоор зорчиж үзсэн хүн бүхэн гадарлах биз ээ. Тиймээс Чойбалсан хот- Хавиргын боомтыг холбосон хатуу хучилттай зам ашиглалтад ороход Хавиргын боомтын хүчин чадал хамгийн багадаа 5 дахин нэмэгдсэн байх шаардлагатай тул УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн санаачилгаар Хавиргын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ТЭЗҮ-ийг тооцох ажил хийж байгаа аж. 

Холбоотой мэдээ