ДЭЛХИЙ ДАХИНАА 2021 ОНД

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2021-12-24 10:00:28
twitter.com/Nyamkanmk

УЛААНБААТАР. /МОНЦАМЭ/. Улиран одож буй 2021 онд дэлхий дахины анхаарлын төвд байсан 10 гол үйл явдлыг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг онцолж байна.


1. АНУ-ЫН 46 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ЖО БАЙДАН


    АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон нь энэ оны анхны онцлох үйл явдал байлаа. Өдгөө 78 настай Жо Байдены хувьд тус улсын түүхэн дэх хамгийн өндөр настай Ерөнхийлөгч болж байгаа бол Камала Харрис нь анхны эмэгтэй бөгөөд өнгөт арьст, Ази гаралтай дэд Ерөнхийлөгч болж байгаагаараа онцлог юм. Үүний зэрэгцээ цар тахлын улмаас энэхүү ёслолыг урьд өмнөхөөс илүү цомхон зохион байгуулсан юм. Жо Байдены тангараг өргөх ёслолд Дональд Трампын засаг захиргаанд дэд Ерөнхийлөгч байсан Майк Пэнс, Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама болон тус улсын Дээд шүүхийн шүүгч нар хүрэлцэн ирсэн байна. Харин халаагаа өгч буй Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд өрсөлдөгчийнхөө тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн юм. Ингэснээр тэрбээр АНУ-ын түүхэнд залгамжлагчийнхаа тангараг өргөх ёслолд оролцоогүй анхны Ерөнхийлөгч болсон байна. Дональд Трамп нь сонгууль будлиантай болсон хэмээн сонгуулийн үр дүнг эсэргүүцэн заргалдсан ч  түүнийгээ нотолж чадаагүй билээ. Үүгээр зогсохгүй түүнийг дэмжигчид нийтийг хамарсан жагсаал зохион байгуулж, Конгрессын байр луу дайран орж, эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас таван хүний амь эрсэдсэн юм.


2. МЬЯНМАР ДАХЬ ЦЭРГИЙН ЭРГЭЛТ БА КАБУЛЫН УНАЛТ


    Мьянмар улсад хоёдугаар сарын 1-ний өдөр цэргийнхэн төрийн эргэлт хийж, Ерөнхийлөгч Вин Мийн, Төрийн зөвлөх, эрх баригч “Ардчиллын төлөөх үндэсний лиг” намын удирдагч Аун Сан Су Чи нарыг баривчилсны дараа 1988 оноос хойш болоогүй өргөн хүрээтэй эсэргүүцлийн ажиллагаа гарч цэргийн хунтынхан жагсагчдын эсрэг хүч хэрэглэв. 


    Афганистаны Засгийн газар хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний сулхан цохилтод хэдхэн өдрийн дотор унав. 2021 оны наймдугаар сарын 21-ний өдөр Ерөнхийлөгч Ашраф Гани ерөнхийлөгчийн ордныг орхиж, эх орноосоо дүрвэснээс хэдхэн цагийн дараа талибууд нийслэл Кабул хотыг эзэлснээр тус хөдөлгөөн Афганистанд бүрэн хяналтаа тогтоов. 


3. ГЛАЗГОГИЙН УУР АМЬСГАЛЫН ГЭРЭЭ


    Парисын хэлэлцээр байгуулагдсанаас хойш 6 жилийн дараа Шотландын Глазго хотноо COP26 /26th Conference of the Parties/ буюу уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь Конвенцод нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 26 дахь чуулган боллоо. Энэ удаад өндөр дээд түвшинд болсон Глазгогийн уулзалтын гол зорилго бол дэлхийн дулаарлын эсрэг тэмцлийн явцад үнэлэлт дүгнэлт өгөх, уг тэмцлийг эрчимжүүлэх явдал юм. 


    Оролцогчид байгаль орчинд хамгийн их хор хөнөөлтэй чулуужсан түлш болох нүүрсний хэрэглээг аажмаар багасгах, хийж буй ажилдаа илүү тогтмол дүн шинжилгээ хийх, ядуу буурай болон хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үзүүлэх санхүүгийн тусламжийг нэмэгдүүлэхээр тохиролцож, түүхэнд Глазгогийн уур амьсгалын гэрээ хэмээн тэмдэглэгдэн үлдэх гэрээнд гарын үсэг зурав.


4. “ТОКИО-2020” ОЛИМП БА ЯПОНЫ ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД 


    Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон “Токио-2020” Олимп, Паралимпын наадам Японы нийслэл Токио хотноо долоодугаар сарын 7-ноос наймдугаар сарын 8, наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Токиод онцгой байдал тогтоосон хугацаанд зохион байгуулсан зуны наадмын үеэр халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталсан бөгөөд наадамтай холбоотой халдварын нийт 800 гаруй тохиолдол бүртгэгдсэн юм. 


    Японы Ерөнхий сайд асан Сүга Ёшихидэ коронавирусний халдвартай тэмцэх ажилд бүрэн төвлөрөх хүсэлтэй байгаа тул есдүгээр сарын 29-нд болох эрх баригч намын даргын сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн. Ийнхүү Либерал Ардчилсан намын даргын сонгуульд Гадаад хэргийн сайд асан Кишида Фүмио ялалт байгуулж, 10 дугаар сарын 4-ний өдөр 100 дахь Ерөнхий сайдаар сонгогдлоо. 


5. ЛИОНЕЛ МЕССИГИЙН ТҮҮХЭН АМЖИЛТ


    Аргентины алдарт хөлбөмбөгч, “Пари Сен-Жермен” клубийн тамирчин Лионель Месси “Алтан бөмбөг” шагналын эзнээр долоо дахь удаагаа шалгарснаар түүхэн дээд амжилтын эзэн боллоо. Тэрбээр энэхүү нэр хүндтэй шагналыг 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019 онд тус тус хүртсэн юм. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн хүртдэг энэхүү шагналыг “France Football” сэтгүүлээс олгодог билээ. Энэ онд 180 орны сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгаар Л.Месси 613 оноогоор тэргүүлсэн бол 2020 онд “Алтан бөмбөг”-ийн эзнээр тодрох хүнээр нэрлэгдээд байсан Польшийн хөлбөмбөгч Роберт Левандовски 580 оноогоор удаалжээ. Өнгөрсөн оны хувьд цар тахлын улмаас энэхүү шагналыг гардуулаагүй юм. 


6. 86 ЖИЛИЙН ДАРАА СЭТГҮҮЛЧИД НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ


    2021 оны Нобелийн энх тайвны шагналыг Филиппиний сэтгүүлч Мария Ресса, Оросын сэтгүүлч Дмитрий Муратов нар хүртэв. Ийнхүү Мария Ресса нь Филиппин улсаас Нобелийн шагнал хүртэж байгаа анхны хүн боллоо. Тэдний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх зоригтой тэмцлийг нь үнэлэн уг шагналыг олгожээ. 


    Мария Ресса нь Филиппин дахь бие даасан мэдээллийн вэбсайт “Rappler”-ийг үүсгэн байгуулагч, мөн гүйцэтгэх захирал юм. Тэрбээр Родриго Дутертегийн Засгийн газрын үйл ажиллагаа, тэр дундаа хар тамхины эсрэг хэрэгжүүлсэн дайны талаар өөрийн байр суурийг хүргэж ирсэн. Үүний улмаас тэрбээр тус улсын шүүх засаглал төдийгүй цахим орчны зүгээс байнгын дарамт шахалтад өртөж байжээ. Тэрбээр 2018 онд “Time” сэтгүүлийн оны хүнээр шалгарч, 2021 онд “Guillermo Cano” дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагнал хүртсэн байна. 


    Харин Муратов нь Оросын "Новая газета" сонины ерөнхий редактор бөгөөд 1995-2017 оны хооронд тус сониныг эрхлэн гаргаж байв. Сэтгүүлчдийг хамгаалах хорооноос мэдээлснээр “Новая газета” нь өнөөдөр ОХУ дахь цорын ганц Кремлиэс хараат бус мэдээллийн хэрэгсэл ажээ. Кремль бие даасан мэдээллийн хэрэгслийг нухчин дарах бодлогыг амжилттай хэрэгжүүлж ирсэн ч тус сонин редакцийн чиг шугамыг баримталсан үйл ажиллагааныхаа ачаар ОХУ-д нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж чаджээ.


    Нобелийн энх тайвны шагналыг 1935 онд Карл фон Оссицкий Германы дайны дараах зэвсгийн нууц хөтөлбөрийг ил тод болгосноор уг шагналыг сэтгүүлчийн хувиар хүртэж байв. Үүнээс хойш сэтгүүлчид Нобелийн шагнал хүртсэн тохиолдол гараагүй байсныг ийнхүү хоёр сэтгүүлч өөрчиллөө.


7. КОРОНАВИРУСНИЙ ШИНЭ ХУВИЛБАР


    2019 онд анх БНХАУ-д дэлгэрсэн шинэ төрлийн коронавирусээр энэ оны 12 дугаар сарын 19-ны байдлаар нийт 274 сая гаруй хүн халдарлаж, 5.35 сая хүн нас барлаа. Энэ онд улс орнууд иргэдээ вакцинжуулалтад хамруулж, дэлхий даяар 8.726.631.900 гаруй тун вакцин тарьсан байна. Дэлхий дахинд дархлаажуулалтын хүрээ болон үр дүн өндөр байсантай холбогдуулан зарим орнууд хилийн хоригоо цуцлах, хязгаарлалтын арга хэмжээг сулруулах зэргээр өнгөрсөн оныг бодвол нөхцөл байдал дээрдэж байсан билээ. Гэвч 11 дүгээр сарын 26-нд коронавирусний шинэ “Омикрон” хувилбар Өмнөд Африк дэгдсэн юм. ДЭМБ уг хувилбарыг өмнөх “дельта”-гаас хурдан тархдаг болохыг мэдээлж, анхааралдаа авах хувилбаруудын ангилалд оруулсан юм. 12 дугаар сарын 20-ны байдлаар “Омикрон” хувилбар дэлхийн 89 оронд илэрч, уг хувилбар олон нийтийн дунд тархсан бүс нутгуудад халдварын тохиолдол 1.5-3 хоногт хоёр дахин нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор улс орнууд яаралтай арга хэмжээ авч, зарим орон хөл хорио тогтоож, баярын үйл ажиллагааг цуцалж эхэлжээ.


8. ТЭРБУМТНУУДЫН САНСРЫН АЯЛАЛ



    Сансрын аялал жуулчлал хэмээх цоо шинэ салбарыг хөгжүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа Их Британийн тэрбумтан Ричард Брэнсон, АНУ-ын тэрбумтан Жэф Безос нар өөрсдийн үүсгэн байгуулсан компаниудын бүтээсэн хөлгөөр сансарт нислээ. Ричард Брэнсоний “Virgin Galactic” компанийн бүтээсэн “Unity” хөлөг Дэлхийгээс дээш 90 км-т хүрсэн бол Жэф Безосийн “New Shepard” хөлөг 107 км-ийн өндөрт гарсан байна.


9. ГРЕНЛАНД ДАХЬ ЦАГ АГААРЫН ХАЧИРХАЛТАЙ ҮЗЭГДЭЛ


    Гренландын мөсөн бүрхүүлийн хамгийн өндөр хэсэгт 1950 оноос хойш явуулж буй ажиглалтын түүхэнд анх удаа цас биш бороо орлоо гэж АНУ-ын Цас, мөс судлалын үндэсний мэдээллийн төв мэдээлэв. Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 14-нд Гренландын мөсөн бүрхүүлийн хамгийн өндөр цэг дээр хэдэн цагийн турш бороо орсон бөгөөд агаарын температур есөн цаг орчим 0 хэмээс дээш байжээ. 


    Үүнээс өмнө далайн түвшнээс дээш 3216 м өндөрт байрладаг газарзүйн энэхүү байршилд бороо орсон тухай мэдээ огт ирж байгаагүй юм. Урьд нь тэгээс дээш температур энд сүүлийн 10 жилийн хугацаанд ердөө хоёр удаа бүртгэгдэж байжээ. Ер бусын энэ үзэгдэл нь өндөр ба нам даралтын бүс харилцан үйлчлэлд орох явцад үүссэн дулаан агаарын урсгал арлын өмнөд хэсгээс ирснээс үүдэлтэй гэж Цас, мөс судлалын үндэсний мэдээллийн төвийн мэргэжилтнүүд тайлбарлажээ. Наймдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд бороо орж, мөсөн голын гадаргуу хайлсан боловч наймдугаар сарын 16 гэхэд хэвийн байдалдаа эргэн орсон байна. 


10. АНГАРАГ ДЭЭР НИСДЭГ ТӨХӨӨРӨМЖ ХӨӨРГӨВ


    АНУ-ын сансар судлалын NASA агентлаг түүхэнд анх удаа дэлхийгээс өөр гараг дээр нисдэг төхөөрөмж хөөргөлөө. 

“Ingenuity” нэртэй жижиг нисдэг тэрэг анхны нислэгээ 2021 оны дөрөвдүгээр сарын 19-нд хийсэн бөгөөд нэг минут хүрэхгүй хугацаанд нисээд амжилттай газардсан байна. 


    80 сая гаруй ам.долларын өртгөөр бүтсэн, 1.8 кг жинтэй бяцхан нисдэг тэргийг 2020 оны долоодугаар сарын 30-нд “Perseverance” өөрөө явагч төхөөрөмжийн хамт Ангараг гараг руу илгээсэн юм. NASA-гийн Тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторын инженерүүд Улаан нүдэн гаргийн маш сийрэг агаар мандалд нислэг хийх боломжтой эсэхийг шалгах зорилгоор энэхүү аппаратыг бүтээжээ. “Ingenuity” одоогийн байдлаар Ангарагийн агаар мандалд 18 дахь нислэгээ үйлдээд байна. “Perseverance” өөрөө явагч төхөөрөмж нь уг гараг дээр эртний амьдрал байсан эсэх ул мөрийг хайж, дээж цуглуулахаас гадна, тунамал чулуулгууд дахь бичил организмын ул мөрийг судлах юм.

Холбоотой мэдээ