Л.Оюун-Эрдэнэ: Үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ нь шат дараалсан ажлуудын зонхилох хэсэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-04-15 17:05:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, залуусын жагсаалтай холбоотой 15 багц, бичгээр ирүүлсэн 270 орчим саналыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргасан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв. 


Дээрх саналын хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллага, судалгааны байгууллагатай хамтарсан ажлын баг байгуулж дүгнэлт гаргажээ. Тус ажлын багийн дүгнэлтээр, багц асуудлын 74 хувь нь үнийн өсөлттэй холбоотой байгаа бол 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь нь шударга бус байдал, авлигал, тэгш бус байдалтай холбоотой дургүйцэл, мөн 12 хувь нь цалин, нийгмийн баталгаатай холбоотой суурь шинэчлэл хийх санал байсныг Ерөнхий сайд мэдээлийн эхэнд тодотголоо. 


Засгийн газрын хуралдаанаар олон нийтийн саналыг хоёр байдлаар дүгнэжээ. Нэгдүгээрт, дэвшүүлсэн асуудлуудын 60 хувь нь ойрын хугацаанд хэрэгжих боломжтой үнийн өсөлтийн асуудал. Хоёрдугаарт, дунд хугацаанд шийдэгдэх хууль, эрхзүй, тогтолцооны шинэчлэл буюу 30 жилийн хугацаанд бугширсан, шийдэж чадаагүй реформын шинж чанартай асуудал байна гэж үзжээ. 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, "ОХУ-Украины зөрчил, БНХАУ-д эрчимжиж буй цар тахлын давалгаа нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой яаралтай арга хэмжээ авах шаардлага бий болгосон. Засгийн газар иргэдээс ирсэн шаардлагуудыг үе шаттай хэрэгжүүлэх, ингэхдээ хамгийн олон санал авснаас нь эхлэх нь зүйтэй гэж үзсэн" хэмээгээд, үнийн өсөлттэй холбоотой асуудалд ямар арга хэмжээ авахаар шийдвэрлэснээ танилцуулав. 


Олон улсад ачаа барааны эргэлт удааширч, бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэнээс үнэ хөөрөгдөх асуудал гарч байгааг дурдаад, зарим стандарт бус арга хэмжээ авахаас аргагүйд хүрснийг тодотголоо. Энэ хүрээнд Засгийн газраас өргөн барьсан Олон улсын хямралт нөхцөл байдлаас шалтгаалсан гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийг УИХ өнөөдөр яаралтай горимоор хэлэлцэн баталсныг дурдав. 


Энэ хууль хэрэгжсэнээр, 

  • Олон улсад огцом үнэ өсөж буй нефтийг импортлогч аж ахуйн нэгжид нөөц бүрдүүлэхэд шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр олгох эрх зүйн орчин бүрдсэн. Ингэхдээ, зээлийн хүүгийн татаасыг төр хариуцна. Эргэлтийн хөрөнгөтэй холбогдох асуудлыг бүрэн шийдвэрэж Засгийн газар төв банктай хамтран сангийн болон мөнгөний бодлогыг уялдуулах замаар шатахууны үнийг хямралт нөхцөл байдлын үед боломжит дээд хувилбараар барих боломжтой. "Шатахуун бол манай инфляц өсөх гол шалтгаан. Рублиэр хэлцэл хийхэд асуудал гарахаас эхлээд олон асуудал үүсэж байна. Сингапурын биржэд үнэ огцом өсөх нөхцөл үүссэн. Дор хаяж шатахууны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл үүссэн тул ийм эрх зүйн орчин бүрдүүлэхээс өөр аргагүй" хэмээн Ерөнхий сайд тэмдэглэв. Энэ багц арга хэмжээнд 100 сая ам.доллар зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ. Цаашид нефтийг дотооддоо үйлдвэрлэх сонирхолтой ААН-ийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэв. 
  • Гурил, махны үнийг тогтоон барих эрх зүйн орчин бүрдсэн. Ингэхдээ, төрөөс үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгох, тариаланчдад хуримтлагдсан өмнөх жилийн улаанбуудайн нөөцийг худалдаж авна. Ингэснээр, дэлхий дахинд үүсэж буй улаанбуудайн хомсдолоос сэргийлэх, хаврын тариалалтыг онцгой анхаарах дэмжлэгийг ААН-үүдэд олгосноор болзошгүй хүнсний тасалдлаас сэргийлэх боломж бүрдэнэ. 

Мөн өнөөдрийн хуралдаанаар, импортын цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын татварыг он дуустал тэглэх саналыг УИХ-д оруулахаар тогтов. Түүнчлэн дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих багц арга хэмжээний хүрээнд дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийн борлуулалтын болон үндсэн түүхий эдийн НӨАТ-ыг чөлөөлөх шийдвэр гаргалаа. 


Дотоодын хүнсний үйлдвэрийг дэмжихэд зориулж нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 10 их наядын хөтөлбөрийн схемийн дагуу олгохоор төсвийн тодотголд тусгана. Тодруулбал, хүнсний ногоо, улаанбуудай, ургамлын тосны ургамал тариалах, хүнсний агуулах, зоорь барих, боловсруулах хүнсний үйлдвэрүүдэд үээл олгох юм байна. Энэ зээлийн хүүгийн татаасыг мөн төрөөс хариуцах аж. 


"Дээрх арга хэмжээ нь үнийн өсөлтийн эсрэг том үр дүн авчирна. Гэхдээ биднээс хамаарахгүй зүйлс олон бий. Эрх зүйн хүрээнд Засгийн газар УИХ-тай хамтарч боломжит бүх хувилбарыг шахаж байна. Үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ нь шат дараалсан ажлуудын зонхилох хэсэг" хэмээн Ерөнхий сайд мэдээллийн үеэр тодотгов.

Холбоотой мэдээ