УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-08-16 08:08:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн /Их цааз/- ийн төслийг хэлэлцжээ. Тэдгээрээс Монгол Улсын төрийн байгуулал гэсэн 3 дугаар бүлгийн дэд хэсэг УИХ гэсэн дээр гишүүдийн сонгогдох насны босгыг хэлэлцсэн тэмдэглэлээс онцлон уншигч танд хүргэе.


Р. Гончигдорж:-За насан дээрээ ярья. Нас тогтоохоо больё гэсэн, насыг хасъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 15,
  • татгалзсан 23, 
  • түдгэлзсэн 4, бүгд 42

Э. Самат:- Уучлаарай зүгээр тоогоо тогтооно гэдэг чинь үнэн л дээ. 25 нас гэж хэн 1 хүний үзэмжээр тавьчих асуудал биш шүү дээ. Би ингэж бодож байгаа. Сонгууль хоёрхон журмаар явна. Ямар ч байсан. Нэг бол тэр сонгуулиар гарч ирэх хүнээ нам мэднэ, 2 дугаарт тэр тойргийн сонгогчид ард түмэн мэднэ. Ард түмэн тэр 20 настай хүн гарч ирсээр байхад, тэр нь үнэхээр ухаан задарсан, ухаантан хүн бол ард түмэн бас мэдэх байх. Тэрийг нам бас мэдэх байх. Заавал 30 настай хүн ухаантан байна гэсэн тийм 1 үндэслэл надад гаргаад өгөөч. Дараагийн Их хуралд манай Баярцогт шиг нь сонгогдож яагаад болдоггүй юм бэ?


Д. Ламжав:-Тэгэхээр энэ наснууд их учиртай. Би энийг их сайн мэдэж байна. Энэ бол Ерөнхийлөгч болох хүн 40 настай байх ёстой гэдгийг гаргахын тулд ингээд тоо бариад байгаа юм. Би энийг ноднингоос хойш түүхийг их сайн мэдэх юм. Тэгэхээр бид ирээдүйн Үндсэн хууль хийж байгаа, залуучуудаа ийм муухай юм битгий гаргаасай, тэртээ тэргүй сонгох хүмүүс нь нам, туршлагыг нь хараад сонгочихно шүү дээ. Үндсэн хуульд ийм болхи юм битгий хийгээсэй гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр нэрээр санал хураая. Сүүлд бас тэр тэр тэгж байж гэж, юм чинь тодорхой байх сайхан шүү дээ.


С. Баярцогт:- Насны талаар би зөндөө их юм бэлтгэсэн. Манайх бол буулгах талдаа бүгдээрээ байгаа юм байна. Тийм болохоор үндэслэгээнүүдээ хэлэх үү, болих уу гэдэг байна. Бүх улсын парламентын насыг харлаа, 18-40 нас хүртэл 9 насаар ангилсан ангилал байгаа юм. Тэгээд ер нь дийлэнх нь 21, 25-аар байгаа юм. Тэгээд 18 насаар Хятад, Монгол, Унгар, Югослав, Албани, Солонгос, Ангол энэ улсууд байна. Идэвхтэй ба идэвхгүй эрх гэдэг нь сонгох, сонгогдох эрх нь сонгох эрх насанд хүрсэн хүнээр бүх газар байгаа юм, тэнд эмэгтэйчүүд хөрөнгө харгалзсан тийм жишээнүүд байгаа юм. Ер нь бол ардчилал нэлээн хөгжсөн орнуудад сонгогдох эрх нь насны зааглал байдаг л юм байна. Ер нь сонгогдох эрхийн зааглалыг 7 ангилсан байна. Хөрөнгийн, боловсролын, тухайн оронд оршин суусан хүмүүсийн, арьс өнгө, мэргэжлийн насны ангилал дээр дээр нь үзсэн. Тэгээд 9 ангилсан байна. 18 настай нь энэ, 20 настайгаар Финланд, Чех,  28 настайгаар Вьетнам, Их Британи, Польш, Болгар, Австрали, Шинэ Зеланд, Израил, Мальт, Дани, Испани, Ирланд, Чехословакийн Холбоны бүгд найрамдах улс ЗХУ, 21 насаар, бидний сайн мэддэг Намиби дээрээс нь Венесуэл, Малайз, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын 1 танхим нь, 25 насаар бол Люксембург, Өмнөд Солонгос, Камбож, Ливан, Энэтхэг, Пакистан, Афганистан, Мексик, Балба, Кипр, Итали, Нидерланд, Португал, ХБНГУ, 23 насаар Швед, Румын 2 улс Францын доод танхим буюу төлөөлөгчдийн танхим, 26 насаар Австри улс тогтсон байна. 30 насаар бол Кувейт, Иран, Судан, Финисс, Ливи, Колумби, Малайз, Турк, АНУ, Канад, Япон, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Венесуэлийн доод танхим бага хүнтэй танхимууд нь, сенатууд нь голдуу. 35 насаар Перу, Францын нэг танхим. 40 насаар Ливи, Турк, Бельгийн 1 танхимууд нь. Би энийг буулгах  үндэслэлүүд үзэж байна.. Тэгээд ер нь дийлэнх нь 21 насаар байгаа юм. Монголд ноднин жилийн сонгуульд оролцсон хүмүүсийн тоо бол сая 492 мянга 1 хүн байгаа. Энэний 424219 нь 18-28 насны залуучууд байгаа юм. Тэгэхээр эд нарын эрхийг хасах юм. Бол нийт сонгуульд оролцсон хүний 40-50 хувийнх  нь сонгогдох эрх хасагдаж байгаа юм. Ноднин жилийнх шиг сонгууль бол Монголд дахиад хэзээ ч болохгүй. Залуучуудын тэгж ихээр сонгох. Яагаад гэвэл ард түмэн, тэр үед ардчиллын тал нь залуучуудын хийсэн гавья гэсэн утгаараа залуучуудыг маш ихээр сонгосон. Ингээд үзэхээр 430 депутатын 28 нь 30 хүртэл насны залуучууд байгаа юм. Энэ бол 6,5 хувь УБХ-ын гишүүдийн 20 хувь нь 10 нь 30 хүртэлх насны залуучууд байгаа юм. Ингэхээр зэрэг насны хэмжээг тэгж өндөр тогтоосноор асуудлыг шийдвэрлэнэ гэдэг логик үнэхээр зөрчилдөж байгаа юм. Энэ бол аяндаа ард түмэн хүнээ олж сонгоно гэдэг утгаар нь бол 21 болгох гэсэн ерөнхий санал оруулах гэж байна. Эсвэл бүр 18-ыг хасаж болж байна.


Р. Гончигдорж:-За түрүүн цөөнхийн санал гарлаа.Тэрнийхээ үндсэн дээр нас тогтоохоо больё гэсэн санал дээр дахин 1 санал хураагаад хэрэв тэр зөвшөөрөгдөхгүй бол тодорхой тооны насны хувьд 30, 21, 25 гэсэн ангилал байна, тэрний дараачаар нь 30 эсвэл бусад нь гэж санал хураагаад, бусад нь гэдэг нь дийлэнх болбол 21, 25 дээрээ сонголт хийгээд ийм шаттайгаар явуулъя. Санал хураалтын явц ийм байдлаар явагдах нь гэж төсөөлөөд, ингээд нас тогтоохыг больё гэсэн саналыг дэмжиж байгаа дээр дахиад санал хураая. Нэрээр заавал хураах алба байна уу? Нэрээр санал хураалт явуулъя гэдгийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 11,
  • татгалзсан 30,
  • түдгэлзсэн 1,

Насыг хасъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 16,
  • татгалзсан 22,
  • түдгэлзсэн 3,

Дараачаар нь 30 нас ба бусад. 30 насыг дэмжиж байгаа дээр тэгэхдээ хажуугийн санал дээр нь хураалгасан л даа. Тэр дэмжигдэхгүй байна, тийм учраас би 30-аас доош нас гэсэн насыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя

  • зөвшөөрсөн 22,
  • татгалзсан 18,
  • түдгэлзсэн 2, бүгд 42, олонхын дэмжлэг авч байна. 

21 нас гэж байгаа. 25 нас гэдгийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 21,
  • татгалзсан 18,
  • түдгэлзсэн 3, бүгд 42, за яг 50 хувьтай болчхоод байна.

21 нас гэдгийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 15,
  • татгалзсан 25,
  • түдгэлзсэн 2, бүгд 41 байна. 

25 насыг дэмжиж байгаа дээр дахиад 1 санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 26,
  • татгалзсан 15,
  • түдгэлзсэн 1,

Яахав олонх нь 30 наснаас доош байлгая, өөрөөр хэлбэл 21 юм уу, 25 байлгая гэсэн санал дээр байна. Тэрнийгээ ямар 1 байдлаар хүндэтгээд, тэгээд дараачаар нь 21 байлгах уу, 25 байлгах уу гэдэг дээр санал хураалгавал яасан юм бэ дээ. Тэгээд дараачаар нь Их хурал дээр /бид нар эхлээд тогтоож байгаа биш/ тэрийг их байна  гэвэл багасгана, бага байна гэвэл ихэсгэнэ.


Гү. Лхагважав:-Хавар комиссоос орж ирсэн юмыг бид унагаснаараа бөөн шараа болсон шүү, ард түмний дунд. Тэгэхэд УБХ 30 болгосон шүү дээ. Энийг ёстой ард түмэн бид нарыг хамгийн их доромжилсон юм байгаа юм. Тэр аргагүй ард түмний зөв байсан.


Р. Гончигдорж:-30-аас доош гэснийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 23,
  • татгалзсан 19,
  • түдгэлзсэн 0, бүгд 42 олонхын дэмжлэг авч байна. 

Одоо 25, 21 гэсэн 2 тоон дээр байгаа шүү дээ. Тийм учраас 21 нас гэдгийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 21,
  • татгалзсан 19,
  • түдгэлзсэн 3, За энэ яг түрүүний тоо гарч байна. Олонхын дэмжлэг авахгүй байна.

25 нас гэдгийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя. Ингэхээр дотроо бодно шүү. Автоматаар 30 нас гэдэг үлдэнэ. 25 нас гэдгийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 23,
  • татгалзсан 17,
  • түдгэлзсэн 2, бүгд 42.

Н. Жанцан:-УБХ-д 25 нас гэсэн асуудал тавиад, гишүүдийн олонхын саналаар 30 болгосон. 30 болгохыг нь би бодохдоо нэлээд амьдралын туршлага, олон талын юмыг бодож байж насны зааг тавьж байгаа юм байна гэж ойлгосон Одоо буцаагаад 25 болгож байна. Би энэ 25 дээр санал өгөөгүй. Юу гэж бодсон бэ гэхээр 30 насыг доош нь буулгавал хоёрын хооронд ингэж нас тавих хэрэггүй. Зүй нь 18 настай хүн нь болно уу, 19 настай хүн нь болно уу ердөө насгүй байна гэсэн ийм бодолтой байна. Хоёрын хооронд ингэж хязгаарлалт тавьсан нэр хэмээж байснаас, ерөөсөө насгүй сонгох, сонгогдох нас нь нээлттэй байж байх шиг сайхан юм байхгүй. Тэгэхгүй юм бол хоёрын хооронд 21, 25 гэснээс хасаад хаячихвал хүний эрх нээлттэй болж байна шүү дээ. Олон түмэн хүнээ мэдээд сонгог, тийм учраас насгүй болгоё гэсэн санал байна.


Гү. Лхагважав:- Жанцан гуай таны санал бол30 нэс гэдгийг үлдээх гэсэн тактикийн санал байна.


Н. Жанцан:- 30-ыг үлдээх гэсэн санал биш. Би энэ дээр цөөнхийн санал хураалгаад миний санал унавал эн 25 дээрээ. Хоёрын хооронд ингэж насыг хязгаарлаж тавьж байснаас, насгүй байсан дээр гэсэн санал тодорхой хэлж байна.


Р. Гончигдорж:- Жанцангийн хэлж байгаа зөв шүү. Энэний хувьд сонгох, сонгогдох нас нь адилхан байна гэсэн утгаар саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 20,
  • татгалзсан 18,
  • түдгэлзсэн 2, бүгд 40 байна.

За ингээд 22 дугаар зүйл рүүгээ оръё.


О. Очиржав:- УИХ-ын гишүүдийн сонгуулийн журмын талаар ярилцахдаа ратацитай, ратацгүй гэж ярьж байгаад ратацитай байхаар шийдлээ. Олонхын саналаар шийдсэн асуудлыг дэмжинэ. Зөвшөөрч байна. Тэгхдээ бид Б хувилбар дээрээ эргээд харж үзэх юм байна. Монгол УИХ-ын гишүүнийг монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ тэгш шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгож байгаа юм. Эндээс би нийтээрээ тэгш гэдэг 2 -ыг нь авч, энэ 2 зарчмыг хасмаар байна.Тэгээд Б хувилбар орж ирэхээр энэ 2 зарчим зөрчилдөж байна.


Р. Гончигдорж:- Очиржавын нийтээрээ, тэгш гэдэг үгийг хасъя гэсэн саналын үндэслэлийг сонслоо. Очиржавын хасна гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя. 

  • зөвшөөрсөн 15,
  • татгалзсан 22,
  • түдгэлзсэн 4, бүгд 41 байна.

Дараа нь тэгш гэдгийг хасъя гэдэг санал оруулж байна. Бид нар дараачаар нь хүн амын тоондоо тэгшээр тойргийн зарчим байгуулах уу, тойргийн зарчмаа харьцангуй нутаг дэвсгэрийн хураалтаар хийх үү гэдэг асуудал байгаа юм.Тэрнээс өнгөрсөн жилийн сонгуулийн тэгш байдал гэдэг дээр бид нар өөрсдөө хөдөөгөөс цөөн хүнтэй 1 тойрог, хотоос олон хүнтэй 1 тойргоос гэж шүүмжилж байсан. Тэгэхээр зэрэг тэгш гэдгийг бид нутаг дэвсгэрээр тодорхой хуваалт хийхэд заавал 1 сонгуулийн тойрог дахь хүний тоо, бусад газрынхтай адил байна гэхгүйгээр байх нь зүйтэй байна. Тийм учраас тэгш гэдгийг хасах саналтай байна. Сонгуульд нийтээрээ оролцоно, 1 гишүүн 6 жилийн эрхийн тухай асуудал ярьж байгаа. Эхний удаагийн 3 бол жич асуудал гэдэг дээр ойлгох хэрэгтэй.


Д. Баттулга:- Даргаа, тэгш гэдгийг хассанаараа тэгш биш байхыг нээж өгч байгаа юм уу?


Р. Гончигдорж:- Эсвэл ингэе. Ажлын хэсгээс сонгуулийн нийтийн гэдэг нь юугаар илэрдэг юм, тэгш гэдэг нь юугаар илэрхийлэгддэг юм, чөлөөтэй гэдэг нь юугаар илэрхийлэгддэг юм, шууд гэдэг нь юугаар илэрхийлэгддэг юм.


Ж. Амарсанаа:-Би зөвхөн тэгш гэдгийг хэлье. Нийтээрээ шууд гэдэг нь хариулт нь тодорхой зүйл байх. Тэгш гэдгийн хувьд одоо УИХ-ын гишүүний сонгуулийн концепцийн анхны хувилбар гарсан. Тэрүүгээр 75 тойргийг улсын нутаг дэвсгэрт хуваагаад 1 аймаг 4-2 гишүүн сонгохоор байж байгаа. 3-4 сумын дунд 1 сонгуулийн хэсэг байгуулагдаж байгаа л даа. Үнээс үзэхэд хүн амын тоог тэнцүү хувааж болохгүй байгаа. Зарим сум олон хүнтэй зарим нь цөөхөн хүнтэй гарч ирээд байгаа л даа. Статистикийн газраас сум бүрийн 18-аас дээш насны сонгох хүмүүсийн тоог гаргасан Эндээс харахад тэгш байх нөхцөлгүй харгаад байгаа юм л даа. Тэгэхээр ингэж хэлэх гээд байгаа юм. Тэгш гэдгийг хасаж болох юм байгаа юм. Нийтээр шууд гэдэг нь тодорхой зүйл. Тэгш гэдгийг хасчихмаар юм шиг байна.


Р. Гончигдорж:- Тэгш гэдгийг хасъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 28,
  • татгалзсан 8,
  • түдгэлзсэн 5, бүгд 41 байна. За энэ олонх нь байна. 22 дугаар зүйл.

Д. Ламжав:-Даргаа би 1 зүйл болгоомжлуулж хэлмээр байна. Саяынхыг хасчихдаг бол их сайн зүйл биш байх. Би зүгээр тэгш гэдгийг ухаандаа 1 хүн 1 саналтай байна гэсэн, тэрийг юу гэдэг юм бэ?


Ж. Амарсанаа:- Нэг гишүүний төлөө өгч байгаа сонгогчийн тоо. Жишээлбэл өнөөдөр бид 75 тойргийг байгуулъя гэж үзсэн л дээ. Төсөл хийсэн байгаа Яг тийм юм тэнд байхгүй байгаа. Бусад улсын туршлага үзэхэд заавал 1 сонгогчийн төлөө 75 тойрогт яг тэгш тоотой хүн байна гэсэн үг биш.


Д. Ламжав:- Тэр бол хэзээ ч бүтэхгүй зүйл. Тэгш гэдгийн гол утга нь бүх сонгогч юу вэ гэхээр тэнцүү, 1 саналтай гэсэн үг. Тэр утгаар өгч байгаа байх гэж бодож байна.


Д. Баттулга:- Тэгш гэдгийг ер нь хүний тэгш тоогоор би ойлгохгүй байна шүү. Чимид гуай.


Б. Чимид:-Үгүй энэ 1949 оноос хойш уншсан зүйл дээ. Цөмөөрөө та нар уншсан. Бүх нийтийн гэдэг бол тэр нэг арс өнгө ялгаварлахгүй гэдэг их олон юм бий, тэр чинь бүгдээрээ орно. Тэгш гэдэг бол 2, 3 зүйл бий. Тойргийн тоо нь мөн адилхан байна. Сонгуулийн нэрсийн жагсаалтад бичигдсэн, 1 хүн 1 удаа 1 хүний л төлөө санал өгнө, ийм байдаг юм. Тэгэхээр Цог даргалсан хурал болсон /олон улсын хурал/ байх, тэрэн дээр бол тэгшийн зарчмыг хасъя гээд илтгэл тавьсан. Илтгэлийг үндэстэй болж гэж үзсэн. Бусад оронд тэгш эрх гээд, тэр тэгш чинь 2 янзын тэгш байдаг юм байна. Ер нь гол нь 1хүн, 1 саналаа тэгшилж үздэг ийм 1 орон байна. Манайхан бол юугаар ойлгох вэ гэхээр тойргийн гишүүний тоо адилхан, хүн амын тоо адилхан гэж ойлгочхоод өнгөрсөн жил их хэрүүл болсон Бүх оронд хүн амын тоо тэгш байдаггүй. Жишээлбэл 50 муж улс чинь адилхан хүнгүй байхад, 2, 2-ыг л сонгож байгаа. Франц40 мянга, 90 мянгын зөрөөтэй байна. Английн нэг Амарсанаад өгсөн. Нэг тойргийн хүн амын тоо44-50 мянга хүртэл зөрөөтэй байгаа байх тийм үү. ТИйм байгаа байх жагсаалтыг нь авчирсан. Ерөөсөө хэлээд үнэмшдэггүй болохоор зэрэг зургийг нь буулгаад аваад ирсэн. Тийм учраас будилаантай нь авч хаявал маргаан багасна. Хэрэв зөв тайлбарлах юм бол ганц тоон дээр үндэслээд хэлж болно. Манайхан бол тойргийн хүн нь адил байх ёстой 1 аймгийн хүнийг нөгөө аймаг руу аваачиж хөөгөөд байх болов уу гэж бодоод байгаа юм. Р.Гончигдорж:-Энийгээ ярьчхаад, сонгуулийнхаа хуульд тэгшийн агуулгад байдаг үндэслэлийг торуулна гээд тэр тэнд томьёологдоод үлдэнэ.


Р. Хатанбаатар:- Шууд гэдэг дээр санал хураалгачихгүй юу. Улаанхүүгийн гаргасан вариант байгаа шүү пээ. Намуудын санал хураалтаар зарим 1 ратаци хийх тийм хувилбар сонгуулийн хууль дээр ороод ирвэл энэ шууд гэдэг чинь хаалт болчих юм биш үү дээ.


Р. Гончигдорж:-Шууд гэдэг бол сонгогчид өөрийнхөө тойргоос сонгоод ирнэ шүү дээ. Тэрнийг илэрхийлж байгаа юм. Шууд гэдгийг хасъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

Зөвшөөрсөн 4, татгалзсан 32, түдгэлзсэн 6, бүгд 42 байна

Тэгш гэдгийг хасъя гэсэн санал дээр дахин санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 19,
  • татгалзсан 17,
  • түдгэлзсэн 5, бүгд 41 байна. Олонхын дэмжлэг авсангүй.

Н. Самат:- Монгол УИХ-ын гишүүнийг сонгуулийн тойрог бүрээс гэдэг юм уу, улсын комиссын нэр дэвшүүлсний үндсэн дээр гээд тэр тойргийн олонхын саналыг үндэслэн гээд ийм маягийн 1 юм, сонгуулийн хуулийн гол зарчмыг энд тодорхойлж өгөхгүй ёстой. Ганц өгүүлбэрээр.


Ц. Элбэгдорж:-Энийг оруулах ёстой юм байгаа юм. Сонгуульд зөвхөн улс төрийн намууд нэр дэвшүүлнэ, 1 тойрог дээр 1 намаас 1 л хүн нэр дэвшигдэнэ гэсэн байдлаар. Нэг үгээр хэлбэл, монголд 7 бүртгэгдсэн нам байж байхад 1 тойрог дээр 7 хүн нэр дэвшиж байх. Энэ бол зарчим юм. Тэр чөлөөт кандидатууд заавал намаас санкц авсан байх ёстой. Өөр арга байхгүй. Тэгэхгүй бол нам бусуудын парламент болно шүү дээ.


Р. Гончигдорж:- Магадгүй энэ парламентыг Бага хурал гэнэ шүү дээ. Нэг зүйлийг хэлчихье. Тэгээд өөрийн чинь саналаар санал хураалгая. Н. Саматын саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 11,
  • татгалзсан 24,
  • түдгэлзсэн 8, бүгд 43 олонхын санал авахгүй байна.

Д. Чилхаажав:- Нэг танхимтай байнгын ажиллагаатай байна гэсэн юм нэмж оруулахгүй юу, энэ хуульд гэж.


Р. Гончигдорж:- УИХ нь нэг танхимтай байнгын ажиллагаатай байна гэсэн тодруулалтаа хийе гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 18,
  • татгалзсан 19,
  • түдгэлзсэн 4, бүгд 41 олонхын дэмжлэг авахгүй байна гэжээ.

Үргэлжлэл бий.                                                                                        Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж

 

Холбоотой мэдээ