Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын АНДЭЗНК-ын Сайд нарын хуралдааныг даргалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-09-29 09:21:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисс, Азийн хөгжлийн банк хамтран “Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчлалын асуудлаарх Сайд нарын бага хурал”-ыг Бангкок хотноо зохион байгуулж байна.


Энэ удаагийн бага хурал нь “Эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчлалын өргөжүүлэн бэхжүүлж, хямралын эсрэг бүс нутгийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх нь” сэдвийн дор болж байна.


Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тус бага хурлын даргалагчаар сонгогдож, “Худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх замаар бүс нутгийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх нь” сэдвийн дор болсон 9 дүгээр сарын 28-ны хуралдааныг даргалав.


Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчлалын асуудлаарх Сайд нарын бага хурал өмнө нь 2013 оны 12 дугаар 17-20-нд, мөн 2017 оны 11 дүгээр сарын 21-24-нд Бангкок хотноо тус тус амжилттай зохион байгуулсан.


Өмнөх бага хурлаар Бангкокийн тунхаглалыг баталж, түүнд Ази, Номхон далайн бүс нутгийн бүх улсыг ойртуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, нэгдмэл зах зээлийн төлөөх санаачилгыг дэмжих, зам тээврийн болон интернет орон зайн холбоо харилцааг нэмэгдүүлэх, эмзэг байдал, сул тал ба эрсдлээ хамтран шийдвэрлэх бодлого, арга хэмжээ зэргийг тусгасан юм.

Холбоотой мэдээ