Маргааш “Монголын бахархлын өдөр” тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
dusem11@yahoo.com
2022-11-23 15:41:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орон даяараа жил бүр Эзэн богд Чингис хааны мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийг “Монголын бахархлын өдөр” хэмээн бүх нийтийн баяр, амралтын өдөр болгон өргөн тэмдэглэдэг уламжлалтай билээ.


Энэ жил 2022 оны 11 дүгээр сарын 24-нд тохиож байгаа бөгөөд энэхүү “Монголын бахархлын өдөр”-ийн талаар ард, иргэдийн сэтгэгдлийг та бүхэндээ хүргэж байна.


Архангай аймгийн Хайрхан сумын уугуул, Дархан-Уул аймгийн Хонгорын САА-д трактор, комбайнчаар 30 гаруй жил ажилласан Дархан хотын иргэн 65 настай Доржийн Чойжиндорж нийслэл хотдоо ирээд 2 хонож байгаа аж. Түүнтэй “Интерном” номын дэлгүүрт уулзаж “Монголын бахархлын өдөр”-ийн талаар сэтгэгдлийг авсан юм.



Би “Монголын нууц товчоо” номыг бага залуугаасаа олон удаа уншсан даа. Их эзэн хаанаараа омогшиж, бахархаж байдаг ард түмэн. Тиймээс ч энэ Их хааны мэндэлсэн өдрийг улс даяараа тэмдэглэж, Чингисийн одонгоор улсынхаа нэртэй шилдэг эрдэмтэн, зохиолч, дуучин зэрэг хүмүүст олгодог уламжлалтай. Гадаадад байгаа залуус төдийгүй манай хүүхэд, багачууд гээд монгол хүн бүр Чингисийн Монгол гэж бахархахаас арга байхгүй гавьяатай дэлхийд гайхагдсан агуу хүн дээ.



Олимпын хүрэл медальт, Дэлхийн аварга, жүдоч Ц.Цогтбаатарын анхны багш, гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв: “Дэлхийн суут хүн Их Чингис хаанаа Монгол хүн бүр дээдлэн шүтэж бахардаг. Маргааш буюу Их хааны мэндэлсэн 860 жилийн ой тохиосон бахархалт өдөр уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг АНУ-ын эрдэмтэн, монгол судлаач Жак Уэтерфорд, Академич Д.Доржготов нарт олгохоор болсон байна лээ. Монгол хүн бүрт их омогшил, бахархал, урам хүч өгсөн Чингис хаанаа монголчууд бид үеийн үед л дээдлэн, эрхэмлэж, түүний түүхэн гавьяаг судалж ирсэн билээ" хэмээв.


Говь-Алтай аймгийн Алтай хотын иргэн З.Гантулга, эхнэр Н.Цогзолмаагийн хамт эх орныхоо нийслэлд эмчлүүлэхээр иржээ. Тэд Улаанбаатарын төв талбайд Их Чингис хааныхаа хөшөөний өмнө зургаа авахуулж байхад нь уулзаж сэтгэгдлийг сонссон юм.



Н.Цогзолмаа: Одоогоос 10 жилийн өмнөөс эхэлж Их Чингис хааны мэндэлсэн өдөр буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэх болсонд монгол хүн бүр баяртай байдаг даа.


З.Гантулга: “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар манай Говь-Алтай аймгийн дунд сургуулиуд болон албан байгууллага бүр Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залж байна даа. Хүүхэд залуус маань Чингис хаанаа төдийгүй өвөг дээдэс, өв уламжлал, ахмад үеэ хүндлэх гүн ухаан, түүхийг судалж байх нь эрхэм чухал шүү” гэж хэлэх байна.


ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн 2 дугаар дамжааны оюутан Баттүшиг: “Би багаасаа дэлхийн болон Монголын түүх их сонирхдог байсан. Ялангуяа Эзэн Богд Чингис хааны түүхийг судалж, уншдаг. АНУ-ын “Вашингтон Пост” сонин 1996 онд Чингис хааныг “Хоёрдугаар мянганы түүхэн суут хүн” хэмээн зарласан. Мөн 2005 оны 11 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх талаар тусгай тогтоол гаргаж байсан. Чингис хаан өнөөдөр ч нэр алдраа дуурсгасаар байгаа нь монголчууд бидний бахархалт үнэт зүйл гэж боддог. Чингис хаан эртний нүүдэлчдийн төр ёсны уламжлал, Монгол төрийн залгамж чанарт тулгуурлан 1206 онд олон монголчуудаа нэгтгэн Их Монгол Улсаа байгуулсан түүхтэй. Түүнчлэн төрийн оновчтой бүтцийг бий болгож захирах, захирагдах ёсны хэм хэмжээ, эзэн харьяатын дэг ёс, орон нутгийн засаглалыг нүүдлийн амьдралд зохицуулж Дэлхийн хамгийн хүчирхэг Эзэнт гүрнийг байгуулсан. Би 12 дугаар ангидаа Чингис хааны тухай эссэ уралдаанд оролцож 3 дугаар байр эзэлж байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.



Холбоотой мэдээ