Н.Цэдэнбал "ФИФА Дэлхийн домгуудын цом" тэмцээнд 6 гоол оруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-16 11:22:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтгүй 2 өдөр буюу өчигдөр, өнөөдөр зохион байгуулж буй "FIFA Legends Cup" /ФИФА Дэлхийн домгуудын цом/-д мини хөлбөмбөгийн тэмцээнд  өчигдөр тоглосон Монголын хөлбөмбөгчин Н.Цэдэнбал өрсөлдөгч багийнхаа хаалганд гоол оруулав.


Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, Н.Цэдэнбалын гэргий Н.Намуундарь болон Доха хотноо ирсэн Монголын бусад хөгжөөн дэмжигчид энэ тоглолтыг үзэж сонирхжээ.


ДАШТ-ий тоглолтгүй өдрүүдэд ФИФА-гаас зохион явуулж буй тун сонирхолтой "FIFA Legends Cup" тэмцээнд ФИФА-гийн урилгаар Катар улсын Доха хотод ирж, ДАШТ-ийг үзэж буй 100 гаруй зочид, хөлбөмбөгийн үе үеийн домгууд оролцож байгаа юм.




Тэдний дунд Монгол Улс, Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-г төлөөлөн "Талын хөх чононуудын" ахлагч Норжмаагийн Цэдэнбал тоглож байгаа талаар Монголын спортын сэтгүүлчдээс “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ийг сурвалжилж буй Ц.Энхтүвшин /Таван цагариг сонин/ мэдээлж байна.


"Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны хамгийн анхны тоглолт 2019 оны 6 дугаар сарын 9-нд Улаанбаатар хотноо Монгол-Брунейн шигшээ багуудын хооронд явагдахад Монгол 2:0-ээр хожиж, Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал анхны гоолыг оруулсан юм.


Энэхүү түүхэн гоолын эзэн Н.Цэдэнбалтай ФИФА-ийн ерөнхийлөгч Жианни Инфантино, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатарын урилгаар Монголд айлчлахдаа, түүнтэй тусгайлан уулзаж, "Катар-2022" ДАШТ-ийг үзэх урилга гардуулсан юм.


Энэ удаагийн " FIFA Legends Cup" оролцох үе үеийн оддоос бүрдсэн найман багт хуваагдан тоглох бөгөөд манай Н.Цэдэнбал "East Tigers" багт тоглож байна. Түүний "East Tigers" багт Францын алдарт Кристиан Барембе, БНСУ-ыэ Ча Ду Ри /Европт Азийн хөлбөмбөгийн нүүр царай болж асан домогт Бум Кун Чагийн хүү/ нарын хамт тоглож байгаа юм.


Монголын хөлбөмбөгийн ерөнхийлөгч "FIFA Legends Cup"-т Монголын төлөөллийг оролцуулах саналыг анхлан тавьсан бөгөөд  ФИФА болон Инфантино "босс" хэлсэн, ярьсан амлалтаа ийнхүү ажил хэрэг болгосон нь энэ юм.


"FIFA Legends Cup" тэмцээний өмнө А.Ганбаатар хөлбөмбөгийн олон домгуудад Монголын хөлбөмбөгийн оны шилдгүүдийг тодруулдаг "Алтан бөмбөг" ёслолын ажиллагаанд оролцох саналыг тавьж, уриад амжиж буй харагдана лээ.


"FIFA Legends Cup" тэмцээнд оролцож буй Монголын Үндэсний шигшээ багийн ахлагч асан Н.Цэдэнбал хэсгийн сүүлийн тоглолт болох “African Lions” багийн эсрэг тоглолтод гурван гоолыг орууллаа.


Түүний эсрэг багт Английн Премьер Лигт тоглож байсан Michael Essien, Demba Ba, El Hadji Diouf нар тоглосон юм.


Өмнөх хоёр тоглолтод ялагдал хүлээгээд байсан “Eastern Tigers” баг хэсгийн сүүлийн тоглолтдоо 11:9-ээр ялалт байгууллаа. Нийт гурван тоглолтод Н.Цэдэнбал зургаан гоолыг орууллаа.


Ташрамд дурдахад, "Алтан бөмбөг" ёслолын ажиллагааг МХБХ-ноос 2015 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд П.Шмейхель, Луи Саха, Юрий Жоркаефф зэрэг оддыг Монголын хөлбөмбөгийн хорхойтнууд, хөгжөөн дэмжигчидтэй уулзуулж байсан билээ.








Холбоотой мэдээ