Боловсролын салбар дахь шинэчлэл автозамын түгжрэлийг “эмчилнэ”

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-04-20 11:31:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түгжрэлийг бууруулах хамгийн зөв алхам бол их, дээд сургуулийг хотын зах руу нүүлгэх явдал гэж Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв судалгаан дээр үндэслэн тайлбарлаж байна.


Яг энэ шийдлийг олон жил ярьж байгаа ч дорвитой өөрчлөлт хийж чадалгүй өдийг хүрсэн. Бүх шатны боловсролын байгууллагуудын чанар, хүртээмж нь өнөөдрийн Улаанбаатарын түгжрэлийн гол гогцоо болж байгааг олон талын судалгаа харуулдаг. Энэ удаад ч тус төв мөнөөх л учир шалтгааныг хэлж байна. Нэг ёсондоо түгжрэлийг бууруулахад замыг өргөсгөж уртасгах, гүүр барихаас илүү боловсролын салбараа өөд татах нь чухал байна гэдэг судалгааны дүнг гаргаад байгаа юм. 


Механик талаас нь шийдэл хайвал боловсролын байгууллагуудаа тараан байршуулах, харин бодлогын урт хугацааны шийдэл эрэлхийлбэл бүх шатны, ялангуяа ерөнхий боловсролын сургуулиудын сургалт, орчны чанарын асуудлыг өндөр хэмжээнд хүргэхийн төлөө ул суурьтайгаар өөрчлөлт хийх шаардлагатай. Гэвч нэгэнт хүн амын талаас илүү нь оршин суух болсон нийслэлд сургуулиудаа бүгдийг нь чанартай болгож, иргэд бүгдээрээ тухайн амьдарч байгаа нутаг дэвсгэрийнхээ сургуульд хүүхдээ сургадаг болохыг хүлээнэ гэвэл урт хугацаа шаардахаар байна.


Тийм учраас юун түрүүнд оюутнууд бараг бүгд өглөө бүр чиглэдэг Бага тойргийн орчмын хөдөлгөөнийг сийрэг болгочихвол том амжилт болохоор байна. Яг тухайн хэсэгт хотын бүх зүгээс зорчин ирэгсэд замын хөдөлгөөний эрчмийг үлэмж нэмэгдүүлж байгааг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс хийсэн судалгаа харуулжээ. Ингээд их, дээд сургуулиуд, оюутнуудыг дагасан худалдаа үйлчилгээ, бизнесийн байгууллагуудыг хотын төвөөс нүүлгэвэл төв рүү чиглэсэн хөдөлгөөн ихээхэн сарнина гэж тооцоолж байна. Хэрэв үнэхээр төрийн мэдлийн их, дээд сургуулиудыг хотын дэд төвүүдэд түшиглэн шилжүүлж чадвал хөдөлгөөний нягтаршлыг багасгах, түгжрэл бууруулах том асуудлыг шийдэж байгаа хэрэг юм. 


Хүн ам, хүрээлэн байгаа орчны талаарх тулгамдаж байгаа асуудлыг судлах чиг үүрэгтэйгээр 2022 онд Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг байгуулсан байдаг. Тус төвийн дарга Р.Дагва “Төрийн өмчийн таван их, дээд сургуулийг Дэд төвүүдийг түшиглэн, гэр хорооллын хэсэгт нүүлгэхэд Засгийн газраас онцгой анхаарч, хотхоныг нь барих мөнгийг шийдэх хэрэгтэй. Мөн таван их сургуулийг тойрсон хоёр километрийн тойрог дотор л гэхэд ерөнхий боловсролын 28 сургууль бий, тэнд 72 мянган хүүхэд суралцдаг. Тэгэхээр сургуулиудын чанар сайжрах нь, эцэг эхчүүд хүүхдээ сургах сонирхол хандлага нэмэгдэж, төв рүү чиглэсэн хөдөлгөөн саарна. Түгжрэлийг шийдэхийн тулд гал намжаах арга хэмжээ л авч ирсэн. Одоо урт хугацаандаа эерэг үр дүн өгөх бодлогыг л баримтлах хэрэгтэй” гэж ярьж байна.


2021 онд хийсэн судалгаагаар, цэцэрлэг болон бага сургуулийн насны гурван хүүхэд тутмын нэг нь харьяаллын бус сургууль, цэцэрлэгт явдаг гэсэн тоо гарчээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын 294 сургуульд 364 мянган хүүхэд суралцаж байна. Нийт сурагчийн бараг 90 хувь буюу 310 гаруй мянга нь төрийн өмчийн 158 сургуульд, хувийн 136 сургуульд 54 мянга нь суралцаж байна. Өөрөөр хэлбэл, хотын төвийн сургуулиудын ихэнхийнх нь суудлын ачаалал хэт ихэссэн бол гэр хорооллын хэсэг дэх сургуулийн суудлын ачаалал харьцангуй бага байгаа юм. Гэхдээ бас энэ дундаа ялгаатай. Нийслэлийн хойд, гэр хорооллын хэсэгт нийт 50 мянган хүүхдийн хүчин чадалтай 60 сургууль бий. Тэдгээрт 93 мянган хүүхэд суралцаж байна. Гэтэл тухайн хэсэгт сургуулийн насны 184 мянган хүүхэд байдаг бөгөөд 91 мянга нь хотын төв рүү өглөө бүр сургуульдаа явж байна. Тэгэхээр гэр хорооллын хэсэгт дор хаяж 50 сургууль барих ойрын үеийн шаардлага байгаа юм. Үүний тулд 540 тэрбум төгрөг хэрэгтэй. Хэрэв ингэж сургуулийн тоог нэмж чадвал замын хөдөлгөөний түгжрэл 16 хувиар буурна гэж үзэж байгаа юм. 


ТҮГЖРЭЛЭЭС САЛАХ ОЙРЫН ҮЕИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ба БУСАД АРГА ЗАМ

Боловсролын салбараа чанаржуулж, хүртээмжийг нь нэмж, хүүхэд бүр ойр орчмын сургуульдаа голж шилэлгүй суралцдаг болох нь мэдээж урт хугацааны бодлогын асуудал. Улаанбаатарын түгжрэлийг бууруулж, сааруулахын тулд мэргэжлийн байгууллагууд өөр арга хэмжээ ч авч, төрөл бүрийн судалгаа хийж ажиллаж байгаагийн зэрэгцээ түгжрэл хариуцсан сайдтай хүртэл болсон. Нэг үгээр хэлбэл, боломжит хувилбар бүрээр түгжрэлтэй тэмцэж байна гэж хэлж болно. 

Авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах, явган хүний болон унадаг дугуйн зам барьж байгуулах асуудлууд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт чухал байр суурь эзэлж байгаа. Энэ утгаараа түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх зам, гүүрийн барилгын ажил, төлөвлөсөн бүтээн байгуулалтад шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын бонд болон бусад эх үүсвэрээр шийдвэрлэх боломж бололцоо юу байгааг судлах үүргийг Засгийн газраас Сангийн сайд Б.Жавхланд даалгаад байгаа.


Мөн Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний эргэлтийг сайжруулах, гол зам дээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг багасгахад нөлөө үзүүлэх “Сэлбэ сэргэлт" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ онд багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна. Одоогоор судалгааны шатандаа байгаа энэ төслийн урьдчилсан тооцооллоор Сэлбэ, Дунд гол дагуу шинээр 21.6 км авто зам, түүнийг дагасан 18 туслах гүүр, дөрвөн гүүрэн байгууламж, есөн нүхэн гарц, явган болон унадаг дугуйн 43.2 км зам, нийтийн тээврийн 64 зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийн чиглэлийг үүсгэнэ. Үр дүнд нь авто замын идэвхгүй бүс болох 63 уулзвар, гарцын хөдөлгөөн эрчимжиж гол замын ачааллыг хуваалцана гэж байгаа юм. Ер нь дугуйн  зам, гүүрэн байгууламжийг нэмэх, зөв төлөвлөн сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, чиглэлийг оновчтой зохион байгуулах, байгууллагуудын ажлын цагийн хуваарийг зохицуулах зэрэг нь авто зам дээрх ачааг бууруулах наад захын арга.             

                   

Түгжрэлийн гол “эмчилгээ” гэгддэг нийтийн тээврийн асуудал манайд мөн л улиг болтол яригдаж буй. Нийтийн тээврийн чанар, хүртээмж муугаас болж автобусаар зорчдог иргэдийн тоо жил ирэх тусам цөөрч байгааг судалгаа харуулж байна. 2007 онд нийслэлийн иргэдийн 60 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлж байсан бол 2015 оны байдлаар 34 хувь болж буурчээ. 2019 он хүртэл нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл дорвитой хийгээгүй. Харин 2022-2024 онд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны 80 хувьд парк шинэчлэл хийхээр төлөвлөсний хүрээнд 2023 оны эхний улиралд 200 орчим шинэ автобус үйлчилгээнд гаргаад байгаа. Мөн сургуулийн зориулалттай автобусыг үйлчилгээнд нэвтрүүлж байгаа нь бага ч гэсэн ачааг нимгэлж байгаа юм.


Түүнчлэн Улаанбаатар хотын иргэд өглөө нь төв рүү чиглэсэн замын хөдөлгөөн дунд гацаж түгжирдэг учир хотын дөрвөн өргөн чөлөөнд шинэ эгнээ нэмж, нэгдүгээр эгнээг чөлөөлөх нь богино хугацаанд асуудлыг хөнгөлөх хамгийн боломжит хувилбар гэж Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс тайлбарлаж байна. Ингэснээр нийтийн тээврийг цагийн хуваарийн дагуу, хүлээлт үүсгэлгүй зорчуулах боломжтой болно. Үүнийг хэрэгжүүлэхэд 16.4 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоолжээ.


Түгжрэлийг бууруулахын тулд хотын дөрвөн гол өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн автобусыг явуулах, мөн дотор тойргийг бий болгох, гэр хорооллын автозамуудыг сайжруулах зэрэг арга хэмжээг авснаар түгжрэл 18 хувиар буурч, дундаж хурд 13 км цаг болох боломжтой гэсэн тооцоо бий. Ямартаа ч нийтийн тээврийг иргэдэд түргэн, шуурхай үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс автобусны богино эргэлт, тусгай эгнээг бий болгож, нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлыг зохион байгуулж эхлээд байна.    

Холбоотой мэдээ