"Зориг" сангийн тэтгэлэгт хөтөлбөрт 1200 оюутан хамрагдаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-06-06 15:57:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Зориг” сангаас Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн төслийн хаалтын ажиллагаа "Корпорэйт Конвеншн” төвд өнөөдөр боллоо.


Энэхүү тэтгэлэг нь жил бүр 60 оюутныг хоёр үе шаттай шалгаруулан авдаг бөгөөд сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй оюутнуудыг дэмжих зорилготой. Мөн сурлага сайтай ч амьдралын боломж тааруу оюутнуудад туслалцаа үзүүлж, орон нутгийн болон Улаанбаатар хотын алсалсан дүүргүүдээс суралцаж буй оюутнуудыг хамруулдгаараа онцлог юм.


Нээлтийн үеэр “Зориг” сангийн зөвлөх С.Баяр хэлэхдээ, “Мэдлэг боловсрол нь ирээдүйн сайхан амьдралын зэвсэг болдог гэдгийг энэхүү тэтгэлгийн явцад оюутан залуус мэдэрсэн байх. Өөрсдийн санаачилсан төслөөрөө нийгэмдээ тус болох арга замыг хайж олох хүсэл эрмэлзэл, чадварыг олж авсан гэж найдаж байна. Монголын залуучуудын ирээдүйг дэмжихэд тусалж буй Швейцарын хөгжлийн агентлагт талархаж буйгаа илэрхийлье” хэмээв.


Тус тэтгэлгийн 2017-2018 оны төгсөгч н.Түшиг, “Миний хувьд хэдэн дотны найзууд болон гэр бүлийнхээ хүрээнд нийгмийг төсөөлдөг байлаа. Өөрийн төсөөллийн нийгэм дэх хөөсөн дунд амьдарч буй мэт санагдсан. Зайлшгүй шалтгааны улмаас сургалтынхаа төлбөрийг олох шаардлага гарсан. Судалсны эцэст энэхүү "Зориг" сан тэтгэлэгт хөтөлбөрт материалаа явуулсан юм. Тэтгэлэг гэхээр зөвхөн сургалтын төлбөр л бодогдсон. Гэвч тэнцсэн хүүхдүүд нийлээд баг болон төсөл боловсруулна гэдэг нь их шинэлэг санагдаж байв. Энэ хугацаанд өмнө хэзээ ч харж, үзэж байгаагүй байдалтай нүүр тулж, маш олон зүйлсийг мэдэж сурч авсан. Энэхүү боломжийг олгож, зөв зам руу чиглүүлсэн "Зориг" сан, Швейцарын хөгжлийн агентлагийн хамт олондоо маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.


Тус хөтөлбөр 2006 оноос Швейцарын хөгжлийн агентлагтай урт хугацаанд тогтвортой хамтран ажиллаж, нийт 1200 орчим оюутныг хамруулаад байгаа юм. 





Холбоотой мэдээ