Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Л.Энхбилэгийг томилов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөлийн/ШЕЗ/ дарга Р.Онончимэгийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, түүний оронд Л.Энхбилэгийг томилсон байна. Тэрбээр Ерөнхий зөвлөлийн нийт гишүүдийн олонхын саналыг авчээ.
Л.Энхбилэг нь 1994-1997 онд Цагдаагийн
академи, эрх зүйч, 1997-1998 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн
институт, 2007-2009 онд Монголын үндэсний дээд сургууль, магистр, 2021 онд
МУИС-ийн сэтгэл судлалын магистрантаар тус тус дүүргэжээ. 1993 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх
хуралдааны нарийн бичгийн дарга, 2000-2001 онд Хан-Уул дүүргийн шүүхэд туслах
шүүгч, 2001-2021 онд анхан шатны шүүхэд шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан
туршлагатай нэгэн. 2021 оны аравдугаар сарын 11-нээс Л.Энхбилэг ШЕЗ-ийн гишүүнээр өнөөдрийг
хүртэл ажилласан юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамгыг Р.Онончимэг хүлээлгэн өгөхдөө “Шүүхийн
ерөнхий зөвлөлийн даргын нэр хүндтэй албыг өндөр хариуцлагатай гүйцэтгэнэ
гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг
“Энэхүү хариуцлагатай албыг эрч, хүчтэй, та бүхний итгэлийг дааж гүйцэтгэнэ”
гэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгохоор заасан.