Хагас коксжсон нүүрсийг туршиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-03 23:03:06

“Утаагүй Дархан” хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын 15 дугаар багийн 2154 өрхөд энэ өвөл хагас коксжуулсан түлшийг туршиж хэрэглүүлэхээр болж ажлын хэсэг байгуулагдсан юм. Уг хагас коксжсон нүүрсийг хэрэглэгчдэд хүргэж мэдээлэл өгөх зорилгоор тус багийн өрхүүдэд нийт 1000 шуудай хагас коксжуулсан түлшийг үнэгүй тараав.

Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Стандарт Хэмжил зүйн газар, хотын Захирагчийн алба зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтарч өнгөрсөн есдүгээр сард гурван энгийн, нэг төслийн нийт дөрвөн зууханд мод, нүүрс, хагас кокжсон түлшний хэрэглээнд туршилт хийж дүгнэлт гаргажээ. 

Хагас кокс нь түүхий нүүрсэнд агуулагддаг идэмхий бодис, давирхай зэрэг бусад хольцуудыг нь дулааны аргаар ялгаж авсан экологийн хувьд цэвэр түлш. Дээрх бодисуудыг цэвэрлэж авснаар бүрэн шаталттай, утаа маш бага, шатах үедээ угаар ялгарахгүй, дулааны илчлэг нь түүхий нүүрснээс 40-өөс багагүй хувиар өндөр, асалт хурдан, нүүрстэй харьцуулахад үнэр бага, дулаан барих чадвар өндөр зэрэг давуу талтай. Хагас коксжсон түлшийг Дархан хот дахь “Нако түлш” ХХК тус аймагт таван цэгээр зах зээлийн үнээс маш хямд буюу 25 кг нь 3000 төгрөгөөр борлуулж эхэлжээ. Уг түлшийг хэрэглэхдээ нүүрстэй харьцуулахад бага хэмжээгээр хийж агаар өгөлтийг зөв тохируулж утаагүй болонгуут агаарын сойлтыг хааж дулаанаа бариулах зэргээр зөв галлах нь чухал гэдгийг энэ үеэр мэргэжилтнүүд иргэдэд зөвлөж байлаа. 

Энэ өвөл 15 дугаар багт ийнхүү туршиж амжилттай болбол ирэх жилээс Дархан сумын 1, 2, 3, 6, 7 дугаар багийн гэр хороололд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

             Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ