Зарим газраар 15 см цасан бүрхүүл тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-07 10:55:10

Урьд шөнө Дундговь аймгийн нийт нутгийг хамран хур тунадас орлоо. Өлзийт сумын нутагт бороо орсон бол Сайхан- Овоо, Өндөршил сумын нутгаар цас бороо холилдож, бусад нутгаар нойтон цас оржээ.

 Хамгийн ихдээ Гурвансайхан, Өлзийт, Дэрэн сумын нутгаар 17.4-19.0 мм, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Говь-угтаал сумын нутаг болон Мандалговь хотод 10.0-14.0 мм, бусад сумын нутгаар  4.4-9.0 мм хур тунадас орсон. Өнөө өглөө 8 цагийн байдлаар Дэрэн, Эрдэнэдалай, Баянжаргалан сумын нутгаар цасны зузаан 14-15 см, Луус, Цагаандэлгэр, Сайнцагаан сумын нутагт  8-10 см, бусад нутгаар  0-2 см цасан бүрхүүл тогтсон байна.

Шөнөдөө нийт нутгаар 0-7 градус хүйтэн хоносон бөгөөд энэ сарын 11- нийг хүртэл өдөртөө 4- 6 градус дулаан байх төлвийг аймгийн УЦУОШ- ний газраас мэдээллээ. Аравдугаар сарын дунд арав хоногт хур тунадасгүй байх бол сүүлийн арав хоногт дахин хур тунадас орж, агаарын температур -4 градуст шилжихээр байгаа ажээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ