"Монголын нууц товчоон"-ыг брайл үсгээр хэвлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-06-11 11:25:16

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ салбарын Онцлог хэрэгцээт иргэдийн танхимд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Монголын нууц товчоо” номын нээлт өчигдөр боллоо.


Уг номыг Соёлын яамны дэмжлэгээр, тус яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэн эрхлэн гаргажээ. Мөн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Брайл болон ярьдаг ном хэвлэх төв хамтран ажилласан байна.


"Монголын нууц товчоон" нь монголчуудын төрт ёс, улс төр, хууль цааз, шашин, соёл, оюун сэтгэлгээний онцлогийг тусгасан түүх, уран зохиолын хосгүй сурвалж билээ. Одоогоос 18 жилийн өмнө буюу 2006 онд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо санаачлан хэвлүүлсэн байна. Энэ нь харааны бэрхшээлтэй иргэд түүх, соёлоо судалж, танин мэдэх нэгэн чухал явдал болсон ч өнөө үед уншигчдын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байгаа юм.


Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны 2022 оны судалгаагаар 12 696 харааны бэрхшээлтэй иргэн байна. Үүний 9000 гаруй иргэн орон нутагт амьдарч буй юм. Харин 21 аймгийн нийтийн төв номын санд брайл бичгээр хэвлэгдсэн Монголын нууц товчоо одоогоор байхгүй байна. Иймд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын хүрэлцээг нэмэгдүүлэх, Монголчуудын бахархалт үеийн түүх, Эзэн Чингис хааны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор кирилл болон брайл бичгийн хосолмол хэвлэлтэй, ярьдаг ном бүхий "Монголын нууц товчоон"-ыг эрхлэн гаргажээ.


Уг номыг Улсын төв номын сан, Улаанбаатар хотын төв номын сан, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, 116 дугаар тусгай сургууль, Налайх, Багануур дүүргийн Соёлын ордны дэргэдэх номын сан, 21 аймгийн нийтийн төв номын сан зэрэг байгууллагад түгээх юм.



Холбоотой мэдээ