Хэлмэрчийн шалгалтын тов гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. “Хэлмэрчийн анхан шатны цогц чадварын туршилт шалгалт” зургаадугаар сарын 14-15-нд болно.
Уг шалгалтаар
хэлмэрчийн ур чадвар анхан шатны түвшинд хүрсэн нь тогтоогдвол гуравдугаар
зэргийг батламжилсан гэрчилгээ олгох юм. Хэлмэрчийн зэрэг
олгох шалгалт нь тодорхой аргачлалын дагуу зохиогдсон бөгөөд эх хэл ба гадаад
хэлний мэдлэг, гадаад хэл-эх хэл, эх хэл-гадаад хэлний хэлмэрчлэх ур чадварыг
шалгах хэлмэрчийн ур чадварын цогц шалгалт юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан Монголын Орчуулагчдын анхдугаар чуулганы урьдчилсан хэлэлцүүлгээр гарсан нийт саналын 29 хувиар орчуулагч, хэлмэрч мэргэжилтний ур чадварыг үнэлэх нь зайлшгүй болох тухай байсан. 2021 оноос МУИС-ийн Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төв манай орны орчуулагч, хэлмэрч мэргэжилтний чадамжийн судалгааг хийж, зэрэг тогтоох сорилгын аргазүй, аргачлалыг боловсруулжээ.
Энэ оноос орчуулагч, хэлмэрчийн 3-р зэргийн туршилт шалгалтыг эхлүүлж, бичгийн орчуулагчийн цогц чадварын анхан шатны туршилт шалгалтыг зохион байгуулж, 22 орчуулагч мэргэшлийн зэргийн гэрчилгээ авчээ.
Орчуулагч, хэлмэрчийн зэрэг тогтоох шалгалтыг анхан шат (гуравдугаар зэрэг), дунд шат (хоёрдугаар зэрэг), дээд шат (нэгдүгээр зэрэг) гэсэн дэс дарааллаар зохион байгуулахаар төлөвлөж шалгуулагч шат дараалалтай шалгуулж, цогц ур чадвараа үнэлүүлэн, зэргээ ахиулах олон улсын жишгийн дагуу орчуулагч, хэлмэрчийн орчуулах ба хэлмэрчлэх цогц ур чадварыг үнэлэхээр боловсруулсан аж.