К.Роналду ЕАШТ-ий дээд амжилтыг давтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-06-23 12:42:46

БЕРЛИН, 2024 оны зургаадугаар сарын 23 /TASS/. Португалын хөл бөмбөгийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду гоолын дамжуулалт өгсөн тоогоор Европын аварга шалгаруулах тэмцээний (ЕАШТ) дээд амжилтыг давтлаа. 


Тэрбээр тивийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны хоёрдугаар тойрогт Туркийн шигшээ багтай хийсэн тоглолтод найм дахь удаагаа гоолын дамжуулалт өгчээ. Ингэснээр К.Роналду Чехийн хөлбөмбөгчин Карел Поборскитэй эн тэнцлээ. Португалын хөлбөмбөгчин зургаа дахь удаагаа ЕАШТ-д оролцож байгаа юм. 


Португалын шигшээ баг Туркийн багийг 3:0-ээр хожсон байна. Тоглолтын 21 дэх минутад Бернарду Силва гоолдсон бол 28 дахь минутад Туркийн шигшээ багийн хамгаалагч Самет Акайдин өөрийн хаалганд оруулсан байна. Тоглолтын 56 дахь минутад Бруно Фернандеш гоолдсон бөгөөд гоолын дамжуулалтыг К.Роналду өгчээ. 


Португалын шигшээ баг 6 оноо авснаар хэсгийн шатны тоглолт дуусахаас нэг тойргийн өмнө нэгээр хасагдах шатанд шалгарлаа. Туркийн баг гурван оноотой Чех (1 оноо), Гүржийн (1 оноо) өмнө хоёрдугаарт бичигдэж байна. Гуравдугаар тойрогт Португалын баг Гүржийн шигшээтэй, Туркийн шигшээ баг Чехийн багтай тус тус тоглоно.


Холбоотой мэдээ