С.Гал-Эрдэнийн Нандин хонгор азарга түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-11 14:10:51

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт үргэлжилж байна.


Сүргийн манлай азарга саяхан барианд оров. Энэ жилийн наадамд 192 азарга уралдуулахаар бүртгүүлснээс 134 азарга тоосоо өргөсөн юм. Түрүүлж, айрагдсан азаргуудыг танилцуулъя.


Түрүү магнай: Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, аймгийн алдарт уяач Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн Нандин хонгор,

Аман хүзүү: Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Уясахын Тодбилэгийн хээр,

Айргийн гуравт: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат аймгийн алдарт уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн,

Айргийн дөрөвт: Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Хишигжаргалын Аминхишигийн Цолмон хүрэн халзан,

Айргийн тавд: Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн алдарт уяач Чулуунбатын Батжаргалын Зээрэн зээрд азарга тус тус хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баярлуулав. 

Холбоотой мэдээ