СЭЛЭНГЭ: Ерөө нутгийнхан түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-07-17 10:25:45

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Атрын анхны хөдөлмөрийн баатрыг өлгийдөн авч, ургацын төлөвлөгөөгөө 208.9 хувь давуулан биелүүлсэн амжилтаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэж байсан, мөн Төвийн бүсийн “Шилдэг сум”, Сэлэнгэ аймгийн “Шилдэг сум”-ын 10 удаагийн шагналт Ерөөгийнхөн түүхт 100 жилийнхээ ойг өргөн дэлгэр тэмдэглэж байна.

 



Алдрын зам, амжилтын буухиагаа өргөжүүлэн тэлж яваа Ерөө сумын 100 жилийн ойн хүндэтгэлийн хуралд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж оролцож баярын мэндчилгээ дэвшүүллээ.

 

Аймгийн дарга сум үүсэн байгуулагдсан архивын баримтыг Талархал, орон нутгийн хөрөнгө оруулалтад зарцуулах нэг зуун сая төгрөгийн батламжийн хамт гардуулан өгч, амжилт хүсэв.  

 

Төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, олон арван алдартан гавьяатнуудыг төрүүлсэн өрнүүн их түүхтэй Ерөө сум газар тариалан, уул уурхай, эрчимжсэн мал аж ахуйн салбарыг төвлөрүүлэн хөгжүүлж, 497427.3 тэрбум төгрөгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, аймгийн үр тарианы ургацын 20 хувийг дангаараа бэлтгэн улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар яваа юм.  

 

Баярын энэ өдөр төр түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн зарим хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.

 



Хүндэт зочдын дунд төрөлх сумтайгаа нас чацуу ахмад настан Б.Нанзад тэнхлүүн суух нь наадамчин олны бахархлын нэг болж байв. Өдгөө 100 насны сүүдэр зооглож буй Б.Нанзад гуай 10 хүүхэд төрүүлж өсгөн, 140 гаруй ач, зээ, үр хүүхдүүдээ тойруулан энх мэнд жаргаж сууна.   

 

Сэлэнгэ аймгийн Ерөө сум нь 1924 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошууны Хүдрийн Бэлчир гэдэг газар Галттай нэртэйгээр 240 өрх, 2039 хүн амтай буриад иргэдийн хүсэлтээр байгуулжээ.

 

Түүнээс хойш сумын төвийг 1925 онд Карников тосгонд 1953 онд одоогийн Тавинд шилжүүлсэн байна. Тус сумаас 1971 онд одоогийн Хүдэр сум, 1976 онд Жавхлант сум тус тус бие даан гарч, Засаг захиргааны нэгж болон салсан түүхтэй.

 

Одоо тус сум нь Тавин, Буурагчин, Бугант гэсэн 3 багийн нийт 1862 өрхөд 6567 хүн амьдарч байна. 2 баг нь сумын төвд Бугант тосгон нь сумын төвөөс 75 км зайд байрладаг. Хүн амын 43.1 хувь залуучууд, 30.8 хувийг хүүхэд багачууд эзэлж байна. Ерөө сум нь Сэлэнгэ аймгийн нийт газар нутгийн 19.76 хувийг эзэлдэг бөгөөд аймгийн хүн амын 5.9 хувь нь оршин сууж байна.

 

Тус сумын хүн амын нягтрал нь 1 га талбайд 1.2 хүн ногддог. Хүн амын тоогоор Сэлэнгэ аймгийн 17 сумаас эхний 5-д, газар нутгийн хэмжээгээр 1-д ордог.

 

Ерөө сум нь баруун урд хэсгээрээ Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, урд хэсгээрээ Төв аймгийн Мөнгөнморьт, зүүн урд хэсгээрээ Хэнтий аймаг, зүүн хэсгээрээ ОХУ-тай, хойд талаараа Сэлэнгэ аймгийн Хүдэр, Алтанбулаг сумтай, баруун талаараа Жавхлант сум, Дархан-Уул аймагтай хиллэн оршдог.

 

Ерөө сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн урианхай сурын харваанд 70 гаруй харваач цуглаж, цэц мэргээ сорьсноос тэргүүн байрт Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, спортын дэд мастер С.Баатархүү, дэд байрт Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, Улсын хүндэт мэргэн П.Гармаа, гутгаар байрт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, “Хан Буурагчингийн мэргэд” холбооны залуу харваач Э.Сумъябадрал нар шалгарлаа.

 

Мөн 4-р байрт Баян-Өлгий аймгийн Бугат сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер С.Саруул-Эрдэнэ, 5-р байрт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, “Хан Буурагчингийн мэргэд” холбооны залуу харваач Б.Ганзориг нар тус тус шалгарлаа. 

Холбоотой мэдээ