COP29: Б.Оюунсанаа: Дэлхий нийтээрээ доройтсон ойгоо нөхөн сэргээхийг нэн тэргүүнд тавьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-11-12 17:24:08

БАКУ, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо COP29 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр албан ёсоор эхэллээ.

 

Тус уулзалтын хүрээнд Ойн газрын дарга Б.Оюунсанаагаас дараах мэдээллийг тодруулав.

 

-Дэлхийн улс орнууд цөлжилтөөс сэргийлэхийн тулд мод тарихыг хамгийн оновчтой арга хэмээн үзэж байгаа. Мөн COP29 хурлын үеэр ойжуулалтын асуудал чухлаар тавигдаж байна. Энэ тухайд?

-Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын тогтолцооны асуудал 1994 оноос хойш эхэлсэн. Улс орнууд үйлдвэрлэлийн болон бусад төрлийн хүчин зүйлээс шалтгаалах уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахаар амлалт өгч, хэрэгжүүлэхийг зорьж ажилладаг.

Эх газрын уур амьсгалтай улс орнууд температурын өөрчлөлтөд илүү эмзэг, өртөмхий. Манай улсын хувьд уур амьсгалын температурын өсөлт дэлхийн дунджаас бараг гурав дахин илүү хурдтай өөрчлөгдөж байна.

Сүүлийн 30 гаруй жилд дэлхийн хэмжээнд 10 сая орчим га талбай ой доройтсон гэсэн тооцоо бий. Энэ нь БНСУ-ын нутаг дэвсгэртэй дүйцэх талбай гэсэн үг. Энэ нь ойн салбарт уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг харуулж байна. Үүний эсрэг ногооруулах буюу мод тарьж ургуулах зэрэг маш олон оролдлогыг хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” тарьж ургуулах ажлыг зохион байгуулж байгаагийн адил Пакистан улс 10 тэрбум мод, Европын холбоо 3 тэрбум мод, БНХАУ сүүлийн 60 жилийн хугацаанд 70 гаруй тэрбум модыг ургуулж байна. Үүний үр дүнд экосистем сэргэнэ.


Монгол орны хувьд, 1.6 сая орчим га талбай сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хөнөөлт шавж, түймрийн улмаас доройтсон.


Тиймээс дэлхий нийтээрээ хийж буй нэн тэргүүний ажил бол доройтсон ойгоо нөхөн сэргээх юм. Ингэхдээ, байгальд суурилсан шийдэл буюу байгалийн өгөгдөл бүхий онцлогийг харгалзан мод суулгаж, тэлэх байдлаар ойг нөхөн сэргээнэ. Өмнө нь хэдэн мянган жил мод ургаагүй газарт мод ургуулах нь хүндрэлтэй. Тиймээс одоогийн экосистемийг нөхөн сэргээж, буцаагаад унаган төрх рүү нь дөхүүлэх тухай асуудал нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа юм.

 

-Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ой ямар сөрөг нөлөөнд автаад байна вэ?

-Ой бол дэлхийн хуурай газрын амьд организмын биологийн олон янз байдлын 30 хувийг агуулдаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн нийт амьд организмын гуравны нэг нь ойгоос хамааралтай буюу тэдний "гэр" юм. Ой доройтсоноор биологийн олон янз байдал төдий хэмжээгээр доройтон үгүй болно гэсэн үг. Тиймээс биологийн олон янз байдлын “гэр”-ийг хэрхэн хамгаалж, авч үлдэх вэ гэдэгт чиглэсэн ажлыг хийж, төлөвлөж байна. Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хуралд оролцож, өөрсдийн байр суурийг илэрхийлдэг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлт биологийн олон янз байдал, цөлжилтийн эсрэг чиглэлд олон улсын байгууллагуудтай хамтран олон ажлыг хийж, төлөвлөж буй. Энэ тухай маргааш буюу энэ сарын 13-ны өдөр оролцогч талуудад танилцуулна.

Холбоотой мэдээ