Толгойгоороо бөмбөг мөргөх нь ой тогтоолтыг 67 хувиар муутгадаг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2016-10-24 15:15:16

ЛОНДОН./BBC/. Хөлбөмбөгийн бөмбөгийг толгойгоороо хэд хэдэн удаа дараалан мөргөх нь тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, ой тогтоолтыг муутгадаг гэж Их Британийн эрдэмтэд үзэж байна.

Шотландын Стерлингийн их сургуулийн судлаачдын хийсэн судалгаанд дурдсаныг үзвэл, толгойгоороо 20 удаа дараалан мөргөсний дараа “хөлбөмбөгчний тархины үйл ажиллагаанд бага боловч ноцтой өөрчлөлт гардаг” ажээ.

Үүний улмаас ой тогтоолт 41-67 хувиар буурдаг боловч нэг хоногийн дараа өмнөх түвшиндээ хүрч сэргэдэг байна.  

"EBioMedicine" сэтгүүлд нийтлэгдсэн Шотландын эрдэмтдийн судалгаанд бөмбөгийг толгойгоороо мөргөх нь тархи хөдлөх, тархи гавлын ясны хүнд бэртлээс ямар ялгаатай вэ гэдгийг анх удаа тодорхойлсон байна. Судалгаанд оролцогчдын нэг болох нейробиологич Магдалена Летсваарт ярихдаа “дэлхий даяар асар олон хүн хөлбөмбөг тоглож байгаа учраас энэ спортоор хичээллэх нь тархинд нөлөөлдөг гэдгийг ямартаа ч мэдэж байх нь зүйтэй” гэлээ.

Дашрамд дурдахад, 2015 оноос эхлэн АНУ-ын хөлбөмбөгийн секцүүдэд хичээллэж буй 10-аас доош насны хүүхдүүдэд толгойгоороо бөмбөг мөргөхийг хатуу хоригложээ.   

Б.Адъяахүү 

 

 

Холбоотой мэдээ