Гашуунсухайтын боомт хүртэлх замд он гарсаар 100-аад осол гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Цогтцэций сумын уурхайнуудаас Гашуунсухайтын боомт хүртэлх замд зам тээврийн осол их гарч байгаа талаар мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Энд 42 аж ахуй нэгжийн 4500 орчим тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцож байгаа юм. Он гарснаас хойш уг замд 100 орчим осол бүртгэгдэж, 8 иргэн амь насаа алдаж, 13 иргэн гэмтсэн ажээ. "Нүүрс тээвэрлэлтийн замд гарч буй авто тээврийн осол нь том оврын авто машины жолооч нарын хариуцлагагүй байдлаас үүдэж байгаа. Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ огт биелүүлдэггүй, урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, гэрэл шилжүүлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил их гардаг" гэж аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад О.Чулуунбаатар хэллээ.
Хилийн боомт дээр нүүрсний машины дараалал маш их үүсдэгтэй холбоотойгоор жолооч нар машиндаа хонодог гэнэ. Тиймээс жолооч нар дулаацахын тулд согтууруулах ундаа хэрэглэх нь элбэг байдаг ажээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас айлын гэр мөргөсөн хэрэг гарч мөн явган зорчигч мөргөх, шүргэх зэрэг асуудал гарч байгаа гэнэ.
Нүүрсний замд Цогтцэций, Ханбогд сумын хэмжээнд 8 замын цагдаагийн ажилтан үүрэг гүйцэтгэж байгаа учраас замын байдлыг бүрэн хяналтандаа авч чадахгүй байгаа ажээ.
Д.Мишигсүрэн