Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-03 12:53:15

Улаанбаатар, 2062 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын багц хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, нөөц санг бий болгосон. Улмаар тус санд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг мөнгөн хэлбэрээр хуримтлуулж эхэлсэн билээ.


Тэгвэл 2025 оны байдлаар тэтгэврийн нөөц санд 302.7 тэрбум төгрөг хуримтлуулсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 256 дугаар тогтоолоор “Тэтгэврийн нөөц санд хөрөнгө төвлөрүүлэх, бүртгэх, хуваарилах, байршуулах, мэдээлэх, хөрөнгө оруулах, өвлүүлэх, хяналт тавих журам”-ыг баталсан. Энэ журманд заасны дагуу Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг  найдвартай, үр өгөөжтэй, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас худалдан авах, Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж, банкны системд нөлөө бүхий арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах гэсэн дөрвөн төрлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахаар зохицуулсан байдаг.


​Банкны системд нөлөө бүхий арилжааны дөрвөн банканд 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Мөнгөн хадгаламжийн гэрээ” байгуулан тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, жилийн 15.11 хувийн хүүгийн өгөөж хүртэх нөхцөлтэйгөөр хадгаламж хэлбэрээр байршуулсан. Энэхүү ажлын үр дүнд тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг 32.5 тэрбум төгрөгөөр өсөх боломжийг бүрдүүлсэн бөгөөд 2026 оны гуравдугаар сарын өгөөж болох 2.7 тэрбум төгрөгийг хүлээн авч тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг өсгөсан байна.

Холбоотой мэдээ