Д.Трампын зарлигийг Apple эсэргүүцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-02-02 10:23:43

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн "Apple" корпораци цагаачлалын хяналтыг чангатгах тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигийг эсэргүүцэж байгаа төдийгүй уг зарлигийг хүчингүй болгуулахаар тэмцэх зорилготой байгаа аж.

Энэ тухай тус компанийн захирал Тим Кук "The Wall Street Journal"–д ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.

“Бусад улс орнуудаас ялгаатай нь гэвэл, чухамхүү цагаачдын хүчинд л АНУ хүчирхэг байдаг, ямар гарал үүсэлтэй гэдгээс нь үл хамааран бид тэднийг хүлээн авдаг улс. Бид үүссэн нөхцөл байдлыг сайтар тунгаан бодох хэрэгтэй” гэж тэрбээр онцлон тэмдэглэв.

Лалын долоон орны иргэдийг АНУ руу нэвтрэхийг түр хориглосон Трампын зарлиг нь Сирийн цагаачийн хүү Стив Жобсийн үүсгэн байгуулсан корпорацийн олон зуун ажилтнуудын эрх ашгийг хөндлөө.

Кукийн хэлснээр, тэрбээр "хоригийг цуцлах нь зөвхөн компани төдийгүй нийт улс орны эрх ашигт нийцнэ" гэж Цагаан ордны өндөр албан тушаалтнуудыг ятгаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт Тим Кук энэ асуудлыг Трампын охин Иванка, түүний нөхөр, Цагаан ордны ахлах зөвлөхөөр саяхан томилогдсон Жаред Кушнер нартай үдийн зоог барих үеэрээ хөндөн ярилцсан байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард тэрбээр Трамптай биечлэн уулзаж байжээ.

Харин ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх талаар "Apple"-ийн тэргүүн тодорхой зүйл хэлсэнгүй. Энэ асуудлаар тус компани “бүтээлч, санаачилгатай” байр суурь баримтлах болно гэж тэрбээр мэдэгджээ.

                                                                                                       О.Барс 

 

Холбоотой мэдээ