Мялзан өвчнөөс сэргийлж хязгаарлалтын бүс тогтоон ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-17 10:34:24

Бог малын мялзан, мялзан төст өвчин бөхөнд халдварласантай холбогдуулан ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Ховд аймгийн Онцгой Байдлын Газрын дарга  Б.Алтанбадралтаас тодрууллаа.

-Улсын Онцгой комиссын орлогч дарга Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг бөхөнгийн хорогдлын асуудлаар ямар шийдвэр гаргасан бэ?

-Дэлхийд нэн ховор амьтан болох Монгол бөхөн гоц халдварт мялзан өвчнөөр өвчилсөнтэй холбогдуулан шуурхай арга хэмжээг авч ажиллах, энэ өвчинтэй холбогдуулан Дарви Чандмань сумдад хязгаарлалтын бүс тогтоох, мөн эрүүл бүсийг тогтоох, өвчлөлийг цааш дэлгэрүүлэхгүй байх тал дээр арга хэмжээ авах ажил руу шуурхай ороод байна.

Монгол Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажилласан. Бид Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс ажлын хэсгийг хүлээн авч Дарви, Чандмань суманд Монгол бөхөн мялзан туссантай холбогдуулан ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ажлынхаа нөхцөл байдалтай танилцуулж, тодорхой үүрэг чиглэл зааварчилгааг авсан . Энэ ажлын хэсэг ирээд явсны үр дүнд бид Дарви, Чандмань сумдын нутаг дэвсгэрт устгалтай холбогдуулан орон нутгаас гарсан зардлын асуудлыг ажлын хэсэгт уламжилж Улсын Онцгой комиссоор хэлэлцүүлэхээр болсон. Мөн өмнө нь Засгийн газраас шийдэж өгсөн 138 сая төгрөгийн зарцуулалтын талаар тайлангаа танилцууллаа. Эрүүл бүсийг тогтоох, бусад бөхөнг ямар замаар хамгаалах талаар аргачлалаа тогтоосон. Дарви, Чандмань  бол бог малын мялзан төст өвчин гараагүй сумд. Тиймээс бөхөнгөөс малд халдах, зэрлэг амьтад болох хар сүүлт, аргаль, янгирд халдварлахаас сэргийлж хязгаарлалтын бүсийг тогтоосон шийдвэрүүдийг гаргаад байна.

-Ховд аймагт хичнээн бөхөн байдгаас хэд нь өвчилж, хорогдож   байгаа вэ?

-ДБХС-ийн 2015 онд хийсэн тооллогоор 13-14 мянган бөхөн Ховд, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт байдаг. Үүнээс Чандмань сумын Дөргөний хүрэн тал, Хар-ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсийн нутаг дэвсгэрт 800-1000 орчим, Дарви сумын нутаг дэвсгэрт 3500-5000 бөхөн тоологдсон. Бид энэ оны 2 сарын эхний байдлаар Чандмань сумын Тахилт, Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт 578 бөхөн, Дарви сумын Мөнгөн аяга, Баянбулаг, Мөрөн багийн Элсэн тохой, Тайны тохой, Хонгор толгой орчимд 1031 толгой, нийтдээ 1609 толгой бөхөн, 22 хар сүүлтийг хээрээс сэг зэмийг нь олж, устгал хийсэн. Үхсэн бөхөнгийн 70 хувь нь янзага, 28 хувь  нь шарагчин, 1,2 хувь нь ооно байна гэсэн тоон мэдээлэл гарсан.

-Ер нь мал сүрэг, ан амьтан халдвар өвчин тархаад байгаа энэ гамшиг учраад байгаа нөхцөлд цаашид бид юуг анхаарч, ямар шийдэлд хүрэх ёстой вэ?

-Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль Монгол Улсын Засгийн газар ямар үүрэг хүлээх, Онцгой байдлын байгууллага ямар үүрэг хүлээх, бүх шатны Засаг дарга ямар үүрэг хүлээх, иргэн ямар үүрэг хүлээх талаар нарийвчлан тусгаж, энэ оны 2-р сарын 3-нд шинэчлэгдэн батлагдлаа. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа гэдэг бол зөвхөн Онцгой байдлын байгууллагын хэрэгжүүлэх ажил биш. Энэ бол бүх нийтийн ажил. Тухайлбал Засаг дарга орон нутгийнхаа иргэдэд сурталчлах, тодорхой байгууллагууддаа өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд хяналт тавих, ХХААГ гэхэд малын гоц халдварт өвчинтэй тэмцэхэд тодорхой ажлуудыг хийх ёстой. Шат шатандаа л өөрийн үүргийг биелүүлж ажиллаж байж гамшгаас хамгаалах ажил цогц үйл ажиллагаа болох юм.

Наад захын асуудал л гэхэд сум багийн малын эмч нар малаа бүгдийг нь вакцинжуулсан гэж хуурамч тайлан явуулдаг, малчидтайгаа эргэх холбоогүй ажилладаг гэх гомдлууд малчдаас их ирж байна. Шат шатандаа хариуцлага алдсанаас болж малын өвчин гарсан гэдгийг мартаж болохгүй. Энэ асуудалд хатуу хяналттай ажиллах бодолтой байна. Зөвхөн үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий Цагдаа, Тагнуул, Онцгой байдлын байгууллагаас гадна,  бусад төр захиргааны байгууллага, иргэн, ААН- д хамаатай юм байна гэдэг ухамсрыг л төлөвшүүлэх ажлыг хамгийн түрүүнд хийнэ. Дараа нь Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хяналт,шалгалтаа эрчимжүүлж ажиллах болно.

-Өнгөрсөн оны намраас эхлээд малын мялзан төст өвчин гарч, үргэлжлээд бөхөнд халдварлалаа, малчдад хандаж та юу хэлэх вэ?

-2016 онд Ховд аймагт бог малын өвчин гарч 74183 мал өвчилсөн. Бид сая Ховд аймагт өвөлжиж байгаа малынхаа 96 хувийг вакцинжуулж чадлаа. Ард иргэддээ хандаж хэлэхэд энэ 74 мянга гаруй өвчилсөн мал, Дарви Чандмань суманд бөхөн өвчилсөнтэй холбогдуулаад төрөөс 500 гаруй сая төгрөгийн зардал гарчихаад байна. Энэ бол бага мөнгө биш. Тиймээс нийт мал бүхий иргэдэд хандаж хэлэхэд өөрийн эзэмшилд байгаа мал, амьтнаа эрүүл болгох, вакцинжуулах ажлыг найдвартай, чанартай хийх шаардлагатай байна. Өөрсдийн сум, багт байгаа малын эмчтэйгээ эргэх холбоотой байж, шаардлага тавьдаг байх хэрэгтэй. Мөн уламжлалт сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан ард иргэддээ галын аюулгүй байдлаа сайн хангахыг анхааруулая.

А.Бямбасүрэн

 

 

           

Холбоотой мэдээ