Халимагийн Улсын Их сургуульд 14 монгол оюутан суралцдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dotood_editor@montsame.mn
2017-03-06 15:56:39

Халимагийн Улсын их сургуулийн  захирал Б.К.Салаев тэргүүтэй төлөөлөгчид өнгрөгч сарын 22-нд Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-нд зочлов.

Элистэй хотод байрлах Халимагийн Улсын Их сургуульд дэлхийн 40 орны 679 оюутан суралцаж байгаагаас 14 монгол оюутан ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сурдаг аж.

Түүнчлэн МУИС, МУБИС, Ховдын Их сургууль, Орхон их сургуулиас олон оюутан жил бүр оюутан солилцоогоор ирж хэлний, мэргэжлийн бэлтгэл хийдгийг тус сургуулийн захирал онцлов.

Цаашид Халимагийн Улсын Их сургуульд суралцах монгол оюутны тоог нэмэхэд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-аас дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд Ойрадын ард түмний алдарт  "Жангар" туулийн номыг сургуулийн танилцуулгын хамт бэлэглэв.

Элчин зөвлөх Г.Зоригт Халимагийн Их сургууль ОХУ-д Монгол судлалыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, Монгол Улсад боловсон хүчин бэлтгэхэд туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлж хүндэт зочдод ЭСЯ-ны гарын бэлэг гардууллаа.

 Москва хот Л.Нандинцэцэг

Холбоотой мэдээ